sonin.mn

Таны ухаалаг гар утас харийн нүд, чихнээс хамгаалагдсан гэж боддог бол гүнзгий эндүүрчээ. Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв ухаалаг утсанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрдэг аж. Нэгэнт “задарсан” утас энэ цаг мөчөөс эхлэн харилцаа холбооныхоос тагнах, чагнах хэрэгсэл болон хувирдаг байна. Энэ тухай АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден ВВС-д ярилцлага өгөхдөө онцолжээ.

Утсанд хадгалагдаж буй мэдээлэлд хүрэхийн тулд гар утас руу зүгээр л тусгай нууцлал, кодтой мэдээллийг илгээхэд л хангалттай. Үүний дараа мэдээлэл хүсч байгаа байгууллага, бүтэц нь ухаалаг утсанд санаснаараа нэвтрэх боломжтой болдог байна. Тэд гар утасны яриаг чагнаж, зурвасыг уншиж, гар утсан дээрх агуулга, бичлэгийг үздэг. Мөн тухайн эзэмшигч гар утсаараа интернэтийн ямар ямар сайт руу орсон болон гар утсаараа хийж байгаа бичлэгийг ч харах боломжтой аж. Засгийн газрын харилцаа холбооны төвөөс явуулж буй “тагнуулч” зурвас, мэдээлэл нь гар утас эзэмшигчид харагддаггүй, мэдэгддэггүй ажээ.

Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг ухаалаг гар утсыг эвдэж, нэвтэрдэг технологид асар их хөрөнгө, мөнгө зарцуулсан хэмээн Сноуден хэллээ. Тэр тусмаа Английн технологи нь гар утас унтраастай байх үед ч эргэн тойронд нь юу болж байгааг сонсох боломжийг олгодог хэмээн онцоллоо.

Засгийн газрын харилцаа холбооны төв нь Үндэсний аюулгүй байдлын агентлагийн “охин компани” хэмээн Сноуден баталж байна. Америкийн тал Их Британийн тагнуулын бүтцэд хийж гүйцэтгэх ёстой зорилго, бодлогыг нь хэлж зөвлөдөг аж. Ухаалаг гар утсыг тагнаж чагнах гол зорилго террорист үйл хэрэгт холбоотой хүмүүс, сэжигтнийг илрүүлэх, бусад гэмт хэргээс сэргийлэх. Үүний тулд маш олон хэрэглэгчдийн мэдээл­лийг цуглуулж, хувийн орон зайд нь нэвт­рэх хэрэгтэй болдог хэмээн Америкийн тагнуулын нууцыг дэлгээд гадаад руу зугтан гарсан Эдвард Сноуден нэмж хэллээ.

Apple компани дуут зурвасны Siri хэмээх програмыг шинэ гар утсандаа суулгаж өгснийг Америкийн интернэт компаниуд болон хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байгаа. Siri-гээр дамжсан яриа, мэдээллийг гуравдагч этгээд сонсох боломжтой хэмээн тэд хардаж байгаа юм. Facebook, Google, Yahoo зэрэг нь АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээлэл цуглуулах нэг хэрэгсэл хэмээн үзэх хүмүүс байдаг. Тэгвэл том гүрнүүдийн тагнах, чагнах арга барил ухаалаг гар утсанд аль хэдийнэ нэвтэрч орсон хэмээн Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден баталж байна.

 

Н.Мөнхжин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин