sonin.mn
Монголын экспортын гол түүхий эдийн нэг Таван- толгойн нүүрсийг урд хөршид гаргах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 260 руй км төмөр замыг Хятадын “Шинхуа" компанитай хамтран барихаар болсон.
 
Энэ бүтээн байгуулалтад манай талаас “Монголын төмөр зам” компани оролцох бөгөөд замыг барьж дуусган тээвэрлэлт эхлэнгүүт ашгаа авч эхлэх юм байна. Энэ талаар “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ чиглэлийн төмөр замыг нарийн, өргөн байна гэж маргаж цаг хугацаа алдсан ч суурь бүтцийн ажлыг хийж эхэлсэн. Одоо ажлын явц ямар байна вэ?
 
-Бид төмөр замын суурь бүтэц буюу далангаа босгож, ажлын явц 86 хувьтай байна. Энэ нь нийт ажлын 50 хувь гэж ойлгож болно. Түүнээс гадна төмөр замын хоёр талаар байрлах цахилгаан хангамж, өртөө зөрлөг, ажиллагсдын орон байр гээд олон мянган километр газар байдаг. Үүнийгээ үнэлүүлж Монголын талын эзэмших 51 хувьд багтааж тооцуулах ёстой.
 
-Энэ төсөлд хэдий хэрийн хөрөнгө шаардахаар байгаа вэ. Ер нь хөрөнгийг хэрхэн босгох вэ?
 
-Төсөлд нийт 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хөрөнгө оруулалтыг “Шинхуа” компани гаргах бөгөөд бид өөрт ногдох санхүүжилтийн эргэн төлөлтийг тээвэрлэлтийн орлогоос бага багаар төлөх юм. “Шинхуа” компани хөрөнгө оруулалтаа Хятадын төв банкнаас зээл авах байдлаар шийдэх юм шиг байна билээ.
 
-Манай талын одоо хийсэн ажлын санхүүжилтийг хаанаас авсан юм бэ?
 
-“Чингис” бондын хөрөнгөөс 220 сая ам.долларын санхүүжилт хийсэн байдаг. Энэ нь төмөр замын далангаас гадна хайгуул, зураг төсөл, орчны үнэлгээнд ч зарцуулсан мөнгө. Мөн Тавантолгой-Сайншанд-Чойбалсан-Эрээнцав болон Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахад ч хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгох хэрэгтэй.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин