sonin.mn
Сонгууль ойртжээ. МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногоос “хэл”-д орж, сүрхий том ярилцлага хөврүүлэв.
 
Тэрээр Өршөөлийн хууль, Сонгуулийн хуулийн тухай, намынхаа дотоодод маш эвтэй байгаагаа, өнөөгийн эрх баригчид эдийн засгийн хямралд оруулсан талаар “ний нуугүй” ярьжээ. Гэвч явж явж Монголд үүссэн эдийн засгийн хямрал л МАН-ын сонгуулийн гол хөзөр болох дог.
 
МАН-ын дарга М.Энхболд ч үүнийгээ нуусангүй. Өөрөөр хэлбэл, АН төрийн эрх бариад ийм болголоо, бид тийм эдийн засагтай улс өгсөн. Одоо биднийг сонгоод өгвөл буцаад тийм болно гэх ажээ.
“...Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үед тулгамдаж байсан асуудлуудыг нэг ч төгрөгийн өр тавилгүй шийдэж байсан. Цалин, тэтгэвэр нэмэх асуудалд нэлээд анхаарал хандуулж хоёр жилийн дотор цалин, тэтгэврийг гурав дахин нэмсэн. Үүнийг Монголын ард түмэн мэднэ. “Үдийн цай” гэж нэлээд зардалтай хөтөлбөр байсан, түүнийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдийн мөнгөний “автор” нь АН боловч яг өгсөн хүн нь би” гэж байна.
 
Эндээс үзэхүл, МАН- ын дарга сонгуулийн ажлаа эхэлжээ. Өөрөө ингэж яриад араас нь УИХ дахь намын бүлгийн зөвлөхөөрөө Шилэн дансны асуудлыг хөндүүлээд эхлэв.
 
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин