sonin.mn
 
 
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд сонгуулийн маргаан үргэлжилсээр байна. Энэ тухай тус сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэнгээс тодрууллаа.
 
 
-Танай сумынхан өнөөдрийг хүртэл хууль ёсны удирдлагагүй байна гэж та хэлсэн. Танайд чухам ямар үйл явдал өрнөсөн юм бэ?
 
- Манай сум 2012 оны орон нутгийн сонгуулиас хойш хууль ёсны удирдлагагүй байгаа нь үнэн.  Энэ бүхний буруутан нь Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь юм. Сонгуулийн үр дүнгээр МАН олонхи болсон. Ингээд анхдугаар хуралдаанаа 2012 оны 12 сарын 14-ний өдөр хийж, ИТХ-ын даргаар Д.Нандинцэцэг, Засаг даргаар Ч.Энхцэцэгийг томилуулахаар  аймгийн Засаг даргад албан бичиг өргөн  барьсан.  Гэтэл 2013 оны нэгдүгээр  сард Ж.Батсуурь дарга,  УИХ-ын гишүүн М.Зоригт нар хэвлэл мэдээллийнхэнтэй хамт ирж, хүч түрэмгийлэн АН-ын ИТХ-ын даргаар Р.Саранцэцэг, Засаг даргаар С.Амартайванг томилсон.
 
Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд бүдүүлгээр халдаж, хүч түрэмгийлсэн үйлдэл болсон гэсэн үг.  Хоёр жилийн хугацаанд Захиргааны хэргийн  12 удаагийн хурлаар  С.Амартайван, Р.Саранцэцэг нар нь хууль бусаар ажиллаж байгааг  тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг үл тоож, дахиж албан тушаалд нь ажиллуулахаар зүтгэж байна. Хууль бус Засаг дарга С.Амартайван, Ц.Амгаланбаатар нар  төрийн албыг эзэнгүй болгочихоод малчдын өвөлжөө, намаржаа,  дархан цаазтай 200 га газрыг хятадуудад хадлангийн зориулалт нэрээр олгож байна. Малчдын газрыг хятадуудад ашиглуулж байгаад нутгийн иргэд маш их бухимдалтай байна.
 
Дээр нь манай суманд хятадууд зочид буудал барьж байна. Манайд 100 гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай хоёр давхар гурван буудал,  гурван давхар нэг буудал үйл ажиллагаагаа явуулж байгаа. Жижиг суманд хангалттай буудал байна шүү дээ. Гэтэл иргэдийнхээ орлогыг хааж, шинэ буудал бариулж байгааг бид эсэргүүцэж байна. Манай аймгийн нэр бүхий дарга нар ёс бус аашилж ИТХ-ын даргын өрөөнд дайрч орж ирсэн тохиолдол ч гарсан. Ийм л ёсзүйгүй хүмүүс шүү дээ.
 
-Яагаад  ИТХ-ын даргын өрөөнд дайрч орсон юм бол ?
 
-Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү,  Эрдэнэцагаан сумын АН-ын дэд дарга Р.Саранцэцэг, нэр бүхий гишүүдтэйгээ ИТХ-ын даргын өрөөнд 2015 оны 09 сарын 10-ны өдөр дайрч ороод айлган сүрдүүлж,  хурлын даргын ажлыг хууль бусаар авах оролдлого хийсэн.  Ц.Амгаланбаатар гэж АН-ын гишүүн  сефийг нь түлхүүр тааруулж хурлын хуралдааны материалыг гадагш гаргахаар үймээн дэгдээсэн бол Р.Саранцэцэг нь өрөөний цоожийг эвдэх үүрэг өгсөн. Энэмэтчилэн ёсзүйгүй үйлдэл маш олон гарч байна.
 
-Дээрх хүмүүст таны зүгээс яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ?
 
-Юуны түрүүнд Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэрээр томилгоонууд хүчингүй болсон учраас Монголд мөрдөгдөж байгаа хуулийг биелүүлж, хууль ёсны хүмүүстээ ажлаа хүлээлгэн өгч гурван жил эзэнгүй явсан төрийн ажлыг шуурхайлж ажиллахыг шаардаж байна. Хятадуудад хадлангийн талбай нэрийдлээр өгсөн малчдын өвөлжөө,  намаржаа, тусгай хамгаалалттай газрыг хууль бусаар ашиглахыг зогсоох ёстой. Дээр нь манай суманд Хятадын хөрөнгө оруулалттай 80 ортой зочид буудал барих ажлыг эсэргүүцэж байгаа юм. Бидэнд зочид буудал биш 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих юм бол талархаж хүлээж авмаар байна.
 
 
 
Т.Тунгалаг
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин