sonin.mn

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас ургац хураалтын явцыг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар ургац хураалт хэдэн хувьтай байна вэ?

-Ургацын урьдчилсан баланс 8 дугаар сарын 25-нд гарсан. Тус балансаар хэрэгцээнийхээ 58 хувийг хангахуйц буудай хурааж авах буюу өөрөөр хэлбэл 250 гаруй мянган тонн улаан буудай хурааж авна гэсэн тооцоо гарсан.

Ургац хураалт өнгөрсөн сарын 3-наас эхэлж, жигдэрч явж байтал 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт газар тариалангийн төвийн бүс нутгаар 4-5 хоног үргэлжилсэн усархаг бороо, уулархаг нутгаар нойтон цас орсон. Үүнээс хамаарч ургац хураалт төдий хугацаагаар хойшилсон.

Түүнээс хойшхи цаг агаарын тааламжтай хугацаанд ургац хураалт мөн жигдэрсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тариа хураалт 46 хувьтай, төмсний хураалт 85 хувьтай, хүнсний ногоо 83 хувьтай байна.

Өчигдөр төвийн бүс нутгаар бороо, уулархаг нутгаар цас орлоо. Өнөө маргааш өнгөрөөд дахиад 10-аад хоног цаг агаар тогтвортой байна гэсэн мэдээ гарчээ.Энэ хугацаанд амжиж ургацаа хурааж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Ургац хураалтын эцсийн хугацааг хэдийгээр гэж тооцож байгаа вэ?

-Энэ сарын 20-25-ны хооронд болов уу гэж тооцож байсан. Цаг агаар таагүй байвал энэ сардаа багтаад ургацаа хураачих төлөвтэй байна.

-Сүүлийн жилүүдэд буудайн цавуулаг бага байна гэсэн асуудал гарсан. Энэ жилийн тухайд?

-Өнгөрсөн жилийн буудайн цавуулаг бага байсан. Энэ жилийн тухайд цавуулгийн хэмжээ сайн байгаа. Га-гаас авах ургацын хэмжээ бага ч хурааж авч байгаа буудайн цавуулаг 27-30 хувьтай байгаа.

-Энэ жил дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахгүй нь. Тэгэхээр гаднаас буудай импортлох шаардлага гарах нь. Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Одоогоор урьдчилж ярьсан юм алга. Дотоодын тариаланчид тодорхой хэмжээний ургацаа алдаж байгаа, санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарч байгаа учраас эхлээд тэднийг дэмжих ажлыг зохион байгуулж байна. Түүний дараа импортын асуудлыг ярина. 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг