sonin.mn

Хэнтий аймаг ДЗОУБ-ын санаачлагаар баригдаж буй “Шинэ байшин 2015” төслөөр  энэ жил 15 айл өрх сонгосон бөгөөд нийт 140 сая төгрөгийн санхүүжилт оржээ.

Энэ жилийн "Шинэ байшин 2015" төслийн нээлт Малчдын хороонд болж айл өрхүүддээ байшингийн түлхүүрийг нь гардуулан өгөв.

Нээлтэд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Д.Ганхуяг, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, ДЗОУБ-ын Хэнтий аймгийн нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ахлагч Цэцэгсайхан, Зүүн бүсийн банк бус санхүүгийн байгууллагын захирал н.Анарбаяр, “Алсын Солонго” ХХК-ны захирал н.Болдбаатар, “Зэлэмбаатар” ХХК-ны захирал Цэнгэлсайхан, БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ, Хүүхэд Гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга н.Өнөрцолмон нар оролцов.

Энэхүү төсөл нь орон гэргүй, хамаатан садан, хадмындаа амьдардаг залуу гэр бүл, өндөр настан, ахмадууд, айлын хашааг түр хугацаагаар түрээсэлж амьдардаг айл өрхүүдийг сонгон хамруулдаг аж. Төсөлд сонгогдсон айл өрхүүд өөрсдийн гараар байшингаа босгож байшин барьсан бөгөөд ДЗОУБ-аас инженер томилон өгч иргэдэд дэмжлэг үзүүлдэг.

Хэнтий аймгийн нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ахлагч н.Цэцэгсайхан “2007 оноос өмнө “Гэрээр бэлэг барья” төслийн хэрэгжүүлж 450 гаруй өрхийг  гэртэй болгосон. Цаашид орон нутгуудаар явж байхад гэр бэлэглэхээс илүү байшинтай болох нь чухал гэдгийг онцолж анх 9 байшин барьж, 5 сая 400 мянган төгрөгийн өртөгтэй байхад ДЗОУБ-аас 1 сая 200 мянган төгрөгийн зээл олгож төслөө хэрэгжүүлж байсан. Төслийн тухайд тухайн байшин барихад зарцуулагдах нийт өртөгийн тодорхой хувийг ДЗОУБ төлдөг бөгөөд жилээс жилд энэ хувь нь нэмэгддэг ажээ. Өнөөдөр 80 байшин барьсан амжилттай ажиллаж байна. Харин 2016 онд 20 байшинг нэмж барих зорилт тавин төслөө бичиж байна” гэв.

Өнгөрсөн жилд найман байшин барих төсөлтэй байсны гурван байшинг 100 хувийн, үлдсэн таван байшин нь 80 хувийн буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд энэ жилийн хувьд 15 байшингийн төсвийг  ДЗОУБ-аас 100 хувь буцалтгүй тусламжаар барьжээ.

Шинэ байшингийнхаа түлхүүрийг гардан авсан иргэд “Орон гэртэй болж байгаадаа сэтгэл хангалуун байна. Бид жилийн жилд айлын хашаа дамжин амьдардаг байсан. Түрээсийн хугацаа дуусах юмуу, хашааны эзэн нүү гэвэл очих газаргүй хэцүү үе их байсан. Залуу гэр бүлүүд хадмындаа амьдрахад асуудал их тулгардаг байсан гэж онцлон ярьж байв. Тэдний хувьд байшингийн материал нь бэлэн, 100 хувийн буцалтгүй тусламжаар хангаж, ямар ч үнэ төлбөргүй байгаа нь байшин төсөлд хамруулж өгсөн ДЗОУБ-ын хамт олон, төрийн болон төрийн бус аж ахуй нэгжүүддээ талархаж байна” гэв.

Мөн байшин төсөлд хандаж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа  бөгөөд ойролцоогоор 500 гаруй өргөдөл ДЗОУБ-т ирсэн байгааг албаныхан онцлов.

Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагаас 15 өрхийн 8 айлд зээл олгосон бөгөөд айл өрхүүд хэрэглээний асуудлаа шийдвэрлэжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг