sonin.mn

ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуянгаас энэ жил гарсан ой хээрийн түймэр, түүний нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Энэ жил урьд жилүүдийнхээс илүү их түймэр гарах шиг болсон. Нийт хэдэн түймэр гарав, юу нөлөөлөв?

-Энэ жил байгаль цаг уурын хувьд хүндрэлтэй байлаа. Ялангуяа 7 дугаар сарын 15-н хүртэл нийт нутгийн 70 гаруй хувь нь гандуу, 30 гаруй хувь нь гантай байв. Долдугаар сараас хойш төв болон баруун, зүүн аймгуудын нутгаар хур бороо орсонтой холбоо газрын өнгө сэргэсэн. Ер нь Монгол Улсын уур амьсгалын нөхцөл байдлыг авч үзэхэд, хавар намрын улиралд түймэр гарах магадлал өндөр байдаг. Энэ жилийн хувьд 18 аймгийн 106 суманд одоогийн байдлаар 306 ой хээрийн түймэр бүртгэгджээ. Тэдгээр түймрийн 80 орчим хувь нь зөвхөн өнгөрсөн хавар гарсан байдаг.

-Та 306 түймэр гарсан гэж хэллээ. Олон жилийн дундажтай харьцуулахад энэ нь ямар үзүүлэлт гэсэн үг вэ?

-Олон жилийн дундажтай харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Жилд дунджаар 100-150 ой хээрийн түймэр бүртгэгддэг. Энэ жил цаг уурын өөрчлөлт, хуурайшилттай холбоотой түймэр их гарлаа. Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч түймэр олноор гарсан.

-Дээрх түймрийн хэдэд нь эзэн холбогдогч гарч ирсэн бэ? Хариуцлага тооцсон тохиолдол байна уу?

-Ой хээрийн түймрийн эзэн холбогдогчийг тогтоох асуудлыг цагдаагийн байгууллага хариуцдаг. Он гарсаар 17 гэмт хэргийн шинжтэй тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгасан. Бусад тохиолдлыг илрүүлэхэд хүндрэлтэй байна. Буруутай этгээдүүд хэргийн газраас зугатаж алга болдог, мөн санамсар болгоомжгүйгээс гал алдах тохиолдол гарч байна.

-Галын аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд сум бүрт гал унтраах нэгж байгуулахаар болсон. Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Галын аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн 7 дугаар сард УИХ-аас баталж, сайн дурын нэгж байгуулахыг тусгасан. Энэ хүрээнд сайн дурын нэгжийг бэхжүүлэх, тэнд ажиллах бүрэлдэхүүнийг сургах асуудлууд дээр ажиллаж байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг