sonin.mn

Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Хил хязгааргүй Алтайчууд” арга хэмжээний хүрээнд Алтай хотод мод тарих аян өрнөж Хүүхдийн парк, Шүтээний өндөрлөг, Дашпэлжээлин хийд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хашаанд  улиас, хайлаас, шар хуайс, агч гэсэн 4 төрлийн 10000 ширхэг мод тарьлаа.

“Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая” уриан дор зохион байгуулагдсан мод тарих ажилд Улаанбаатар хотоос нутгийн зөвлөлийн дарга  Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатар,  дэд дарга Р.Самдандовж, Макс группын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжигмэд болон бусад тэргүүлэгчид, аймгийн удирдлагууд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сумдын нутгийн зөвлөлүүд, төрийн бус байгууллагууд, нийт 2000 гаруй хүн мод тарих үйлсэд нэгдэж 2 өдөр ажилласан байна. Энэ үеэр мод тарих ажилд идэвх зүтгэлтэй оролцсон нийт иргэдийн дунд Макс группээс азын сугалаа явуулж иргэн Б.Батмөнх хурдан удмын даага, 5 хүн мөнгөн шагнал хожлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар намрын мод тарих өдөр 10 сарын 10-нд тохиож байгаа бөгөөд энэ долоо хоногт тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа, айл өрхүүд хашаандаа, албан байгууллагууд орчиндоо мод тарих, цэнэг усалгаа, арчилгаа хийх ажлууд үргэлжлэн явагдах ажээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг