sonin.mn

Дэлхийн эдийн засгийн форумаас  эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайлангийн дүнг өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас танилцууллаа.

Монгол Улс өрсөлдөх чадварын зэрэглэлээр авбал зохих 7 онооноос 3.8 оноо авснаар судалгаанд хамрагдсан 140 орноос 104-т эрэмблэгджээ.  Өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 гаруй орныг өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур хүчин зүйл дээр үндэслэн эрэмбэлдэг юм.

Уг индекс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэгээрээ онцлогтой.

Манай улсын хувьд 2005 оноос дээрх тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн улс орнуудтай харьцуулах боломж бүрдсэн. Судалгаанд хамарснаас хойшхи хугацаанд Монгол Улс 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс манай улс 2015 онд 5 үзүүлэлтээр ахиц гарчээ. Өмнөх онтой харьцуулбал технологийн бэлэн байдлын үзүүлэлт 0,5 оноогоор, зах зээлийн хэмжээ 0,3 оноогоор, институциудын чанар болон инноваци тус бүр 0,2 оноогоор, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт 0,1 оноогоор өссөн байна.

Технологийн бэлэн байдлын үзүүлэлтийн түвшний өсөлтөд үүрэн телефон утас хэрэглэгчдийн тоо, интернэтийн хурд болон хэрэглэгчийн тоо өссөн нь нөлөөлжээ. Институциудын чанарын түвшний өсөлтөд оюуны өмчийн хамгаалалт, улсын хөрөнгийн ашиглалт, шүүхийн хараат бус байдал, төр, засгийн зохицуулалтын талаар гомдол гаргах хууль эрх зүйн орчны үр ашигтай байдал зэрэг үзүүлэлтүүдэд бага зэрэг ахиц гарсан аж.

Харин өрсөлдөх чадварын 3 үзүүлэлтийн түвшин буурчээ. Эдгээрээс макро эдийн засгийн тогтвортой байдал хамгийн их буюу 0,6 оноогоор, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал 0,2 оноогоор, эрүүл мэнд, бага боловсрол 0,1 оноогоор буурсан байна.

Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин буурахад улсын төсвийн алдагдал 2014 онд ДНБ-ийн 11 хувьд хүрсэн, ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хэмжээ 24,3 хувь болж буурсан, ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 75.5 хувь болсон, инфляци өссөн, улсын зээлийн үнэлгээ буурсан нь нөлөөлжээ.

Эдгээр 12 үзүүлэлтээс макро эдийн засгийн тогтвортой байдал, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, инноваци зэрэг 5 үзүүлэлтээр авбал зохих онооны 50 хувьд  хүрч чадаагүй байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг