sonin.mn

СӨҮЛ. /TASS/.  Тив алгасагч баллистик пуужин харвах төлөвлөгөөнөөсөө Умард Солонгос татгалзжээ. Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ийм пуужин харваж магадгүй байсан юм.

Дээрх дүгнэлтийг Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хийсэн тухай тус улсын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч мэдээлсэн байна.

“Пуужинг эсвэл хэсгүүдийг нь гарааны цогцолбор руу тээвэрлэх зэрэг пуужин харвахаар бэлтгэж байгаа шинж тэмдэг Умард Солонгост ажиглагдаагүй” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, “пуужинг харвахад бэлтгэхэд ихэвчлэн хоёроос дөрвөн долоо хоног шаардагддаг аж”.

Үүнээс харахад, Умард Солонгос ямар ч тохиолдолд тив алгасагч пуужин харваж амжихгүй гэж Өмнөд Солонгосын ажиглагчид онцлон хэлж байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, Умард Солонгост авсан хоригоо чангатгана гэж сүрдүүлж байгаа  олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй хариу арга хэмжээ Пхеньяны эрх баригчдыг пуужин харвах төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүргэжээ. Пуужин хөөргөхийн оронд маш олон баярын арга хэмжээ зохион байгуулах бөгөөд Пхеньян хотын төвд болох цэргийн томоохон парад гол арга хэмжээнүүдийн нэг болно гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг