sonin.mn

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.08.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.55 цагт 52.6 хувийн ирцтэй эхлэв. 

Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж баталлаа.

Хэлэлцүүлгийн явцад тогтоолын төслийн нэрийг "Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс батлах" тухай болгон өөрчилсөн байна. Уг тогтоолд батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлох, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлах, батлан хамгаалах асуудал улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэх, батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэлүүдийг тусгасан байна.

Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан томилогдлоо

Хаалттай горимоор хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын тогтоолын дараа хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд зарим байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авав. Учир нь Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох сонгууль маргаантай байгаа тул уг асуудлаар завсарлага авч байгаа аж.

Дараа нь Төсвийн байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.

Тус байнгын хорооны 2015.10.06-ны өдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга Б.Болор Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна. Мөн Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан саналын дагуу байнгын хорооны даргаар Ч.Улаан гишүүнийг томилох саналыг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргаар томилох нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11, 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхболомжгүй гэж үзлээ

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд байнгын хорооны Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн 60 хувийн саналаар дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн гэж үзсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар тус тус танилцуулав.

Уг асуудлаар Улсын Их Хурал дахь намын бүлгийг төлөөлж тус бүр нэг гишүүн үг хэлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад гишүүдийн 84.4 хувь нь уг саналыг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.