sonin.mn

Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран   Монгол Улсад аялж буй гадаадын жуулчдын зардлын түүвэр судалгаа гаргажээ.

Эл судалгаанд Монгол Улсад аялсан гадаадын 1233 жуулчныг санамсаргүй түүврийн аргаар хамруулжээ. Судалгаанаас үзвэл гадаадын жуулчид Монголд дунджаар 14 хонохдоо 1774 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь Монголбанкнаас 2011 онд гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээс 31 хувиар өсчээ.

Мөн жуулчдын 51 хувь нь хувиараа, 49 хувь нь жуулчны компаниар үйлчлүүлдэг байна. Түүнчлэн аяллын нийт зардлынхаа 74 хувийг бэлэн мөнгөөр, 26 хувийг төлбөрийн картаар гүйцэтгэдэг аж. Олон улсын тээврээс бусад зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг зочид буудал, орон байранд, 24 хувийг ресторан, хоолны газарт, 20 хувийг барааны худалдаанд зарцуулдаг аж. 

Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын жуулчдыг улс орон, бүс нутгаар нь ангилан үзэхэд БНСУ-ын жуулчид 22 хувь, БНХАУ 17 хувь, ОХУ 17,  АНУ болон Канадын жуулчид 6 хувийг эзэлжээ.

Жуулчдын дийлэнхи буюу 76 хувь нь Монголын уламжлалт зан заншил, соёл болон үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтанд татагддаг хэмээн дээрх судалгаанд дурджээ. Тэдний 13 хувь нь манай  аялал жуулчлалын үйлчилгээг маш сайн, 46 хувь нь сайн, 20 хувь нь хангалттай, 17 хувь нь дунд,  4 хувь нь муу гэж үнэлэн нийт жуулчдын 76 хувь нь Монгол Улсад дахин ирнэ гэсэн хариулт өгсөн байна.

 Энэхүү судалгаагаар Монгол Улсад аялсан гадаадын жуулчдын дундаж зардлыг шинэчлэн тооцоолсон нь цаашид төлбөрийн тэнцэл, аялал жуулчлалын статистикийн чанарыг сайжруулах ач холбогдолтой хэмээн албаныхан тодотггов.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг