sonin.mn

Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбоо, Газрын тос импортлогчдын нэгдсэн холбоо хамтран гурвалсан санамж бичиг байгууллаа.

Мөн үеэр  Зам, тээврийн сайд М.Зоригтод газрын тос импортлогч компанийн удирдлагууд  зам барилгын ажлыг энэ ондоо багтаан дуусгахын тулд компаниудад бензин шатахууны хэрэгцээ их байгааг хэллээ. Компаниуд шатахуун авах мөнгөгүй, зарим нь нефть импортлогч компаниудад өртэй, дахин шатахуун авах аргагүйд хүрээд байгаа аж.  

Дээрх санамж бичгийн хүрээнд нефть импортлогчид замын компаниудад бензин шатахуун, битумыг зээлээр олгохоор болжээ. Түүнчлэн замын барилгын компаниудын улсын төсвөөс авах гүйцэтгэлийн мөнгийг газрын тос импортлогч компаниудын улсын төсөвт төлөх шатахууны импортын татварт тооцон хаах юм байна.

Улсын төсвийн гүйцэтгэл удаашралтай байгаа болон замын барилгын ажлыг эрчимжүүлэх, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан авто замын барилга угсралтын ажлыг яаралтай хийж дуусгахад энэхүү зохион байгуулалтын ажил чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн салбарын сайл үзэж байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг