sonin.mn

Увс аймгийн Улаангом хотноо “Вест” массажны төвийг бүрэн хараагүй залуу ажиллуулаад даруй 3 сарын хугацаа өнгөрч байна.

Сорогжоогийн Төртогтох гэх энэ залуу Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх массажистийн сургалтад хоёр жил дарааллан явж суралцан мэргэжлийн хараагүй массажист болсон байна.  Тэрбээр өнгөрсөн жил Улаангом хот дахь “Онош” төвд массажистаар ажиллаж байсан бөгөөд энэ жил Улаанбаатар явж мэргэжил дээшлүүлж ирээд хувиараа массаж үйлчилгээний төв байгуулан ажиллаж эхэлжээ. Одоогоор өдөртөө тогтмол 6-7 хүнд бариа засал, массажистийн үйлчилгээ үзүүлж, өөрөө өөрийгөө ажлын байраар ханган ээж, дүү нарынхаа амьдралыг нуруун дээрээ үүрч явна. Тэр бүү хэл нэг дүүгээ Ховдын багшийн их сургуульд сургаж байгаа аж.

“Би хараагүй гээд гэртээ суугаад байвал хэн ч надад мөнгө өгөхгүй шүү дээ. Иймээс өөрийнхөө амьдралыг бусдаас дутуугүй авч явахын тулд массажистаар суралцсан. Одоо би амьдралаа өөдрөг гэгээлгээр харж байгаа бөгөөд өглөө бүхэн ажилдаа урам зоригтой ирдэг” хэмээн С.Төртогтох сэтгэл өөдрөг ярьж байна.

Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд 17 настайдаа Увс аймгийн Малчин суманд мал маллаж байгаад хараагүй болжээ. С.Төртогтохын хувьд цаашдаа массажны төвөө улам өргөжүүлэн, массажистаар суралцаад ирсэн аймгийнхаа хараагүй иргэдийг дэргэдээ авч ажиллуулан ажлын байраар хангах бодолтой байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг