sonin.mn

Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Туулхүү нар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 407, 409 дүгээр ангиудын үйл ажиллагаа, хорих ангийн орчин нөхцөл, Нэгдсэн хорих ангийн барилгын ажлын явц болон хорих ангийн үйлдвэрлэл, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг чиглэл өгөв.

Хорих 407 дугаар анги нь өөрийн оёдлын үйлдвэртээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын цэргийн дүрэмт хувцас болон нийт ял эдлэгсдийн өвөл, зуны хувцас, цагаан хэрэглэл, хөнжил, гудас, дотуур өмд, цамц зэргийг үйлдвэрлэхээс гадна бусад байгууллагуудтай гэрээ байгуулан захиалгаар гэрийн бүрээс, ажлын хувцас, эсгий болон арьсан улавч, гар урлалын захиалгат бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Энэхүү оёдлын үйлдвэр, гар урлалын цехүүдэд хүмүүжигчдийг ажиллуулан, 80 гаруй хүмүүжигчийг ажлын байраар хангажээ.

Мөн ШШГЕГ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Хорих 409 дүгээр анги нь ШШГБ-ын албан хаагчдын өвөл, зуны болон хүмүүжигчдийг гутлаар бүрэн хангах, байгууллагын материаллаг нөөц бололцоог сайжруулах зорилгоор орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Гутлын үйлдвэр”-ийг шинээр ашиглалтанд оруулан 30-35 хүмүүжигчийг тогтмол ажлын байртай болгосон байна.

Ингэснээр тэднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэн ажлын дадлага олгодог бөгөөд хийсэн хөдөлмөрт нь тохирсон цалин, хөлс, шагналын хоног олгох, түүнээс нь гэм хорын хохирол төлбөрийг нь барагдуулж, цалинг нь нэрийн дансанд нь байршуулдаг байна. Энэ нь хүмүүжигчдийг нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг