sonin.mn

Монгол Улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг угтан Монгол кино нэгтгэлээс маргааш “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.

 

Энэ үеэр үзэгчид үе үеийн кино урлагийн түүхэнд мөнхөрсөн 60 гаруй алдарт жүжигчин, уран бүтээлчидтэй уулзан, хамтдаа дурсгалын зураг авахуулах, тэдний гарын үсгийг авах боломжтой.

Мөн дуучин МУГЖ Б.Ганчимэг, СТА С.Баттулга, Б.Баярцэцэг, Г.Чинболор, Б.Энхмэнд, Т.Баттогтох, А.Түмэн-Өлзий болон залуу дуучид хүрэлцэн ирж сэтгэлд хоногшсон киноны дуунуудыг дуулна.

Түүнчлэн Монгол кинонуудад хэрэглэж ирсэн хаад, ноёд, хатад, цэргийн хувцас, лам, хуварга зэрэг хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, хуучны машин, техник,  кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийг үзэж сонирхохоос гадна киноны зураг авалтын павильоныг үзэх боломжтой.

Дашрамд дурдахад, 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлаар ерөнхий сайд П.Гэндэн, нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан, хоёрдугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсанаар Монголын кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлжээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг