sonin.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 2015 онд амьжиргааны түвшингээрээ 3-20-р бүлэгт хамрагдсан айл өрхүүдээ дахин баталгаажуулах ажлыг сумандаа зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд тухайн чиглэлийн дагуу баталгаажуулалтын ажлыг сумын “Амьжиргааг дэмжих зөвлөл”-өөр хэлэлцүүлэн гүйцэтгэж байгаа гэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 269 дүгээр тогтоол, 2014 оны 404 дүгээр тогтоолоор ''Өрхийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилгоор 2013 онд Улсын хэмжээнд айл өрх бүрээр орж тухайн өрхийн талаарх дэлгэрэнгүй судалгааг авчээ.

Тус судалгааны үр дүнд өрхийн амьжиргааны түвшинг 1-20 бүлэгт эрэмбэлсэн байна. Энэхүү улсын хэмжээний томоохон ажил хийгдсэнээр нийт хүн амд чиглэсэн нийгмийн хамгааллын болон боловсрол, эрүүл мэнд, Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, арга хэмжээнүүдэд уг мэдээллийн санг ашиглаж, амьжиргааны түвшин доогуур буюу 1-2-р бүлэгт хамрагдсан өрхүүдийг төсөл хөтөлбөрүүдэд хамруулж байгаа аж.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг