sonin.mn

Өмнөговь аймагт сүүлд орсон 2 удаагийн хур тунадасны улмаас намаржилтийн цагийн байдал эргэн сайжраад байгаа юм. Аймгийн хэмжээнд 54 багт 5200 гаруй малчин өрхийн 2,3 сая гаруй мал өөрийн аймаг сум болон Өвөрхангай, Дундговь аймгийн хил залгаа сумдын нутаг бэлчээрт зунжиж, намаржиж, тарга хүчийг нэмэгдүүлэн оторлож байна.

Нийт нутгийн 30 хувь буюу Булган, Мандал-Овоо, Ханхонгор сумын ихэнх нутаг, Цогт-Овоо сумын зүүн хэсгээр, Ханбогд сумын Номгон багийн нутгаар намаржилт боломжийн, мөн 30 хувь буюу Манлай, Ханбогд, Баян-Овоо, Ноён, Гурвантэс, Сэврэй сумдаар намаржилт дунд зэрэг, харин 40 хувь буюу нутгийн урд хэсгээр буюу Ноён, Баяндалай, Хүрмэн, Номгон, Баян-Овоо сумын урд говиор намаржилт тааруу байна. 8 сумын 97 өрхийн 56290 бог, 7487 бод, нийт 63777 мал оторт явж байгаагаас өөрийн аймгийн сумдад 89 өрхийн нийт 58434 мал, гадны аймгийн сумдад 8 өрхийн нийт 5343 мал отроор явж байгаа юм.


2015-2016 оны МАА-н өвөлжилт, хаваржилтад зориулж, аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцдөө өвс 140,0 тн, тэжээл 50,0 тн, сум бүр сумын аюулгүйн нөөцдөө өвс 50,0 тн, тэжээл 30,0 тн-ыг тус тус бэлтгэх төлөвлөгөөний дшаардагдах өвс, тэжээл, эрдэс тэжээлийн тооцоог хийж, орон нутагтаа бэлтгэх боломжгүйг өөр газартай гэрээ хэлцэл хийж, татах үүрэг даалгаврыг сумдад өгөөд байна. Энэ дагуу аймгийн нөөцөд 2014 онд Хэнтий аймгаас татсан 80,0 тн өвсний нөөцтэй,  47,5 тн эрдэс долооцын нөөцтэй байсан бөгөөд нэмж 140 тонн өвс, 50 тонн тэжээлийг татан аваад байгаа юм. 


Харин сумдын хувьд хангай аймгуудтай гэрээ байгуулан өвс тэжээл татах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Гурвантэс сум Дорнод аймгаас 50,0 тонн өвсний, Манлай, Сэврэй сумд Говьсүмбэр аймгаас 30-50 тн өвсний, Баян-Овоо сум Хэнтий аймгийн Дархан сумаас 20 тн өвсний, Цогт-Овоо сум Сүхбаатар аймгаас 10 тн өвс татахаар гэрээгээ хийгээд байгаа юм. 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг