sonin.mn

Орхон аймгийн Наран багийн иргэн Ц.Алтаншагай “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шалгуулах хүсэлт тавилаа. 

Учир нь сар бүрийн арванд цахилгааны төлбөр гардаг. Гэтэл ажилчдын цалин 15, 30-нд өгдөг. Цаг хугацааны хувьд уялдаагүй энэ байдал нь хэрэглэгчийг хохироож байна гэж тэрээр үзжээ. Цахилгааны төлбөрөө цагт нь төлөөгүй тохиолдолд 0.1 хувийн алданги тооцдог. Гэтэл ихэнх байгууллага цалингаа 15-аас хойш өгдөг учир  үүнийг зохицуулах хэрэгтэй гэлээ. 

Мөн алданги тооцсон мөнгөө байгууллагын дансанд байршуулж улмаар гэрлийн байцаагчиддаа урамшуулал болгож өгч байгаа нь буруу гэв. Иймд алдангиас төвлөрсөн мөнгийг юунд зарцуулдагаа иргэдэд тайлагнах нь зүйтэй гэсэн юм. Иргэн Ц.Алтаншагайн хүсэлтийг судалж үзээд хариу өгнө гэж Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр хэллээ. 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг