sonin.mn

 БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ноён Пак Рэ Хак, “Ногоон Ази” ОУ-ын ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён У Ги Чул нар “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх” талаар хамтран ажиллах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

     Санамж бичгийн зорилго нь Монгол оронд тулгамдаж буй байгаль орчны асуудлыг ойжуулалтын ажлаар дамжуулан шийдэх зорилго бүхий “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ төсөл” хэрэгжүүлэх, экосистемийг сэргээх болон иргэдийн оролцоог үр ашигтай зохион байгуулахад талууд хамтран ажиллахад оршиж байгаа юм.

     БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Байгаль орчны асуудал бол бүс нутгийн ажил болоод байна. Тиймээс бид санамж бичиг үзэглээд орхих биш 3 талт санамж бичгийг ажил хэрэг болгох асуудалд онцгой анхаарч ажиллана.

     Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак Рэ Хак: Уг ажлын хүрээнд иргэдийг ажлын байраар хангах, тогтвортой хөгжлийг хангах, сайн дурын ажлыг дэмжих болно. Гол нь мод тарихад усалгаа арчилгаа чухал бөгөөд НОГООН МОНГОЛ болчихвол манай улсад ирж буй шар шороон шуурга багасна. Тиймээс:

-       Ойжуулалт

-       Шинжлэх ухааны үндэслэлтэй сайн арга туршлагыг нэвтрүүлэх

-       Амжилттай хэрэгжүүлж болох загварыг судлах хэрэгтэй талаар дурдсан.

       Энэхүү Санамж бичгийн хүрээнд Сөүл хотын ИТХ-аас Монгол улсад 5 жилийн хугацаанд жил бүр 300 сая вон буюу нийт 1,5 тэрбум воны хөрөнгө оруулалтаар 100 га-д 100,000 ширхэг мод бүхий ойн төгөл байгуулна. 2015 оны 4 дүгээр сард болсон Сөүл хотын ICLEI буюу Нэгдсэн хурлаар Тоосонцор болон хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, жишиг загвар байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан шар шороон шуурганы голомт болсон Монгол Улсад цөлжилтийн эсрэг мод тарьж, ойжуулалтын жишиг загвар байгуулахад хувь нэмэр оруулж байгаа юм.

БОНХАЖЯ “Хаан танхим” 2015 оны 10 сарын 9-ны өдөр. 10 цаг 30 минут