sonin.mn
 
1. “Рафел интернэшнл” төрийн бус байгууллага 2015 оны 10-р сарын 18-ны шөнө ТАЕ-867 дугаарын нислэгээр БНСУ-д үйлдвэрлэсэн, зүрхний үйл ажиллагааг дэмжих 31 хайрцаг буюу 710 кг эм, тариаг зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлэх гэж байсныг Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар саатуулсан байна.
 
Саатуупагдсан дээрх эм, тарианы зарим нь Монгол Улсад хэрэглэгдэх эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Рафел интернэшнл” төрийн бус байгууллага нь Монгол Улсад эм импортлох тусгай зөвшөөрөлгүй байсан гэсэн үндэслэлээр саатуулагдсан байна.
 
Гэтэл МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, Хил, хорио цээрийн газрын дарга Чинбат нар Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбарам, орлогч дарга Э.Уламбаатар нарт саатуулагдсан эм, тариаг хилээр нэвтрүүлж, яаралтай гарга гэсэн хууль бус үүрэг даалгаврыг утсаар өгсөн байна. Ингэснээр тэдний шахалтаар саатуулагдсан эм, тариаг хилээс чөлөөлөн 2015 оны 10-р сарын 19-ний өдөр “Рафел интернэшнл” төрийн бус байгууллагынхан “Портер” машинд ачиж байх үед Хилийн тагнуулын байгууллагын ажилтнууд саатуулан хурааж авсан байна.
 
Улмаар уг хэргийг УМБГ-т шилжүүлж Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга нар болон холбогдох улсын байцаагч нарыг шалгаж байгаа юм.
 
2. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нарын 2015 онд хийсэн хяналт, шалгалтаар саатуулагдсан, хугацаа дууссан болон Монгол Улсад хэрэглэгдэх эмийн бүртгэлд бүртгэгдээгүй зөрчилтэй эм, тариаг дээрх албан тушаалтнууд хилээс чөлөөл гэсэн хууль бус үүрэг даалгаврыг удаа дараа өгч, улсын байцаагч нар аргагүйн эрхэнд “хувийн хэрэглээний зориулалтаар хилээс чөлөөлөв” хэмээн “Зөрчлийн бүртгэл”-д тэмдэглэн оруулж байсныг шалгах ёстой гэсэн шаардлагыг олон хүн тавьж байгааг анхааран үзэх нь зүйтэй юм.
 
3   Ш.Раднаасэд 2016 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшихээр төлөвлөж, энэ зорилгодоо төрийн албан тушаалыг ашиглаж байгаа бөгөөд МХЕГ болон нийслэл, дүүрэг, Буянт-Ухаа боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа Говь-Алтай аймгийн уугуул улсын байцаагчдыг хүлээн авч, уулзалт зохион байгуулсан нь үүний нэг жишээ юм.
 
МХЕГ-ын хэмжээнд сүүлийн үед хүнд суртал, чирэгдэл газар авч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг залхтал нь дарамталдаг болсон талаар энэ байгууллагаар үйлчлүүлдэг иргэд толгой сэгсрэн ярьдаг болжээ. Дарга удирдлагууд нь үндсэн ажилдаа анхаарал тавьдаггүй, 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилд ихэнх цагаа зарцуулдагтай энэ нь холбоотой болов  уу.
 
Ер нь Ардчилсан Нам МАН-ыг нэгэнт Засгаас гаргасан учир МАН-ын бодлогоор тавигдсан агентлагийн дарга, удирдлагуудыг яаралтай солих шаардлагатай байна. Ингэхгүй бол тэд албан тушаал, эрх мэдлээ ашиглан сөрөг сурталчилгаа явуулж сонгуулийн ажлаа амжуулж байгааг анхааралдаа авах цаг болжээ.
 
Тухайлбал, МХЕГ хэзээнээсээ МАН-ын “дайчин туслагч, бэлтгэл хүчин” байсаар ирсэн бөгөөд одоо 2016 оны сонгуульд бэлтгэх “бэлтгэл хүчин”-ий үүргээ далдуур хангалттай сайн гүйцэтгэж байна.
 
Тиймээс МАН-ын УИХ дахь бүлгийн Ажлын албаны дарга байсан, одоо МХЕГ-ын даргаар ажиллаж байгаа Ш.Раднаасэдийг цаг алдалгүй солихгүй бол төрийн ажил намын ажил болох нь байна.
 
Нямдоржийн Батхүү