sonin.mn
Одоогоос нэг жилийн өмнө Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохтой зэрэгцэн л түүнийг огцруулах тухай яригдаж эхэлсэн билээ. Тодруулбал түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэх тухай хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Г.Уянга : "Танай найз С.Баярцогт таныг Ерөнхий сайд болгох гэж их гүйсэн.
 
Та хоёрыг нийлээд Оюутолгойн хувийг зарах гэж байгаа юм биш биз дээ гэх хардлага төрж байна. Тийм учраас би таны төлөө дарахгүй. Та Ерөнхий сайдаар томилогдох юм байна. Гэхдээ ялагдаж томилогдлоо. Маш олон хүн таныг томилохыг дэмжихгүй байна. Та томилогдохдоо аль хэдийнэ ялагдчихаад томилогдоо гэж харж байна." гэсэн юм.
 
Улмаар Оюутолгойн далд уурхайн хоёр дахь шатны санхүүжилтийн төлөвлөгөөнд АБНЭУ-ын Дубай хотноо холбогдох албан тушаалтнууд нь гарын үсэг зурсны дараа УИХ-ын гишүүн Г.Уянга түүнийг огцруулах санал гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн.
 
Үүний дараа МАН, АН, "Шударга ёс" эвсэл, бие даагч нийлсэн 10 гаруй гишүүн уг бичигт гарын үсэг зурсан, хуулийн дагуу бичгийг УИХ-ын даргад өргөн барьж, асуудлыг хэлэлцэх тоонд арай хүрээгүй л байгаа.
 
Сүүлийн нэг сарын турш УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баттулга, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар болон МАН-ын бүлгийнхнийг уг бичигт гарын үсгээ  зурах гэж байна гэсэн яриа маш хүчтэй явсан ч асуудал өөр тийшээ эргэж эхэлсэн байна. Товчоор хэлбэл уг яриаг нэр холбогдсон нөхөд өөрсдөө "явуулсан" бололтой.
 
Үүний цаана маш их хэмжээний мөнгө, наймаа тохиролцоо явсан байж мэдэх тухай УИХ-ын гишүүд ч ний нуугүй өгүүлж буй билээ.  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн хуулийг яаралтай хэлэлцэж эхэлсэнээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "аврагдах" магадлал өндөр болж эхэлсэн байна. Тодруулбал Шийдлийн Засгийн газар 12 сарын 10 хүртэл тэсэх зорилготой байгаа бөгөөд үүнээс хойш үндсэндээ асуудал шуударч, УИХ-ын 2016 оны сонгуультай "бүрэн бүтэн" золгох юм.
 
Сонирхолтой нь ийнхүү Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд хэвээр 2016 онтой золгох боломжийг олж авахад УИХ дахь МАН-ын бүлэг болоод МАН-ын удирдлагуудын хүчин чармайлт маш их байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна.
 
П.Мандах