sonin.mn

МОСКВА. /SANA/.  Сирийн Алеппо, Дамаск, Идлиб, Латакия, Хама, Хомс, Ракка,  Дейр Эззор мужид террористуудын 472 байрлалыг Оросын агаарын цохилтоор устгасан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

Сүүлийн хоёр өдөр, Оросын агаарын хүчний байлдааны нисэх онгоцууд 141 удаагийн даалгавар гүйцэтгэсэн гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков хэлсэн байна.

Оросын агаарын хүчин байг олох идэвхтэй нэмэлт тандалт хийж, Сирид ажиллагаа явуулж буй террорист бүлэглэлүүдийн олон байгууламжид агаарын цохилт өгсөн гэж Конашенков тайлбарлажээ.

Латакия мужийн нутагт байрлах “Hmaimim” нисэх хүчний баазад даалгавраа гүйцэтгэсэн байлдааны нисэх онгоцууд аюулгүй эргэн ирснийг тэрбээр тэмдэглэв.

Египетийн Синайд Оросын нисэх онгоцыг террористууд тэсрэх төхөөрөг дэлбэлж унагасныг хүлээн зөвшөөрсний дараа өгсөн Ерөнхийлөгч Владимир Путины тушаалын дагуу Сирид өгөх агаарын цохилтоо өнгөрөгч мягмар гарагаас эхлэн Оросын агаарын хүчин эрчимжүүлсэн юм.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг