sonin.mn

САНТА-МОНИКА. /worldreligionnews/. Монгол, Түвдийн том лам нарын дунд Майдар бурхны асар том хөшөөг бүтээдэг уламжлал байжээ. Майдар нь энэрэл-нинжин сэтгэлийн бурхан бөгөөд майдар хэмээх нэрийн санскрит язгуур бол энэрэх нинжин сэтгэл билээ. Бурхан багшийн хамаг амьтныг энэрэх нинжин сэтгэлийн илэрхийлэл нь Майдар бурхан гэж сургадаг байна.

Дээр үед Монгол, Түвдэд Майдар бурхны маш олон үзэсгэлэнт хөшөөнүүд сүндэрлэж байжээ. 20-р зуунд эдгээр хөшөөний дийлэнхийг нурааж, хүрч очиход маш хэцүү газар байрладаг зарим хөшөө л өнөө цагт үлдсэн байна. Олон жил гаднын нөлөөнд байсны дараа 1990 онд Монголд шашин шүтэх эрх чөлөөгөө ахин олсон юм. Буддын шашны баялаг түүх, соёлоо ахин дэлгэрүүлэх явцыг эхлүүлэх боломж монголчуудад олдсон байна.

Монголд нэг үе өргөн тархаж байсан Буддын шашны соёлыг ахин босгох үйл хэрэгт туслах Их Майдар төслийг  тус улсад хэрэгжүүлж байна. Майдар бурхны 54 метр өндөр, зогсож буй хөшөөг уг төслийн хүрээнд барьснаар  энэрэх нинжин сэтгэлийн дэлхийд хамгийн том билэг тэмдэг болох юм. Хажууд нь 108 метрийн өндөртэй, хэд хэдэн дотоод давхартай суварга байрлана. Хөшөө, суваргын дотор түүхт Буддын шашны хутагт хувилгаадын ариун чандрыг залах юм.

Монголын нийслэл Улаанбаатар хотын захад, ариун Богд Хан ууланд уг хөшөө, цогцолборыг барьж байна. Дээрхийн гэгээн 14-р Далай ламд зориулсан шинэ сүмийг цогцолборт барьж, олон улсын бясалгал, боловсрол, жуулчдад зориулсан төв болох юм.

Дэлхийн өнцөг булан бүрийн олон уламжлал, угсаа язгуурыг төлөөлсөн сүмүүдийг цогцолборт барьж байгуулна. Энэрэх нинжин сэтгэл, амар амгаланг олж хараад, хүн амар амгалангийн тухай боддог тул, ариун зүйлсийг бүтээнэ гэдэг их тус бүтээж буй хэрэг гэж Буддын шашныг үндэслэгч Гаутама Будда сургасан. Тухайн үед хүний санаа бодолд эерэг үр суудаг бөгөөд энэрэх нинжин сэтгэл болон ургадаг юм. Их Майдарын хөшөөний сүр болон гоо үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн хүмүүсийн анхаарлыг хайр энэрлийн билэг тэмдэгт хандуулах зорилготой юм.

Их Майдар төслийн гол зорилго нь боловсролыг дэмжих гэдэгт би маш их баярлаж байна гэж төслийн оюун санааны зөвлөгч Дээрхийн гэгээн Далай лам хэлсэн байна. Хөшөөг босгох ажил 35 хувьтай байгаа бөгөөд 2017 оны 11 дүгээр сар гэхэд хөшөө, суваргыг барьж гүйцээх зорилго тавьжээ.

Монголын алдагдсан соёлын үнэ цэнэтэй нэгээхэн хэсгийг эргүүлэн авчрахад төслийн утга оршиж байна. Энэрэхүй, амар амгалангийн бэлгэ тэмдгийг даян дэлхийн анхаарлын төвд авчирч, энэрэх нинжин сэтгэлийг дэлгэрүүлснээр дэлхийд энх тайван авчрахыг эрмэлзэж байна гэж Майкл Фоутс бичжээ.

Х.Аминаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг