sonin.mn

 

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханы болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр болсон Байгалийн хий экспортлогч орнуудын гуравдугаар чуулга уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэх долоон санамж бичиг байгуулжээ.

Иран болон ОХУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд хоёр орны иргэдийн аялал жуулчлалын нөхцөлийг харилцан хөнгөвчлөхөөр хоёр улсын Гадаад хэргийн яамд тохиролцсон байна.

Харин Ираны Эрүүл мэнд, анагаах ухааны боловсролын сайд ОХУ-ын Эрүүл мэндийн сайдын хамт өөр нэгэн санамж бичигт гарын үсэг зурсан бол Ираны Зам, хот байгуулалтын дэд сайд болон ОХУ-ын Олон улсын төмөр замын компанийн менежер хоорондын байгуулсан санамж бичгийн хүрээнд Ираны Гермсар хотоос Инчебрүүн хүртэлх төмөр замыг эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.

Ираны Төв банкны орлогч дарга болон ОХУ-ын Эдийн засгийн банк, ОХУ-ын Экспортын зээлийн даатгалын байгууллагын ерөнхийлөгч хоёр санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Мөн хоёр орны цахилгаан дамжуулах сүлжээг адил болгох санамж бичигт Ираны Эрчим хүчний дэд сайд болон ОХУ-ны Эрчим хүчний агентлагийн ерөнхийлөгч гарын үсэг зуржээ.

Гүний нөөц усны үнэлгээ, хайгуулын ажил болон Бандар Аббас хот дахь цахилгаан станцын барилгын ажлыг хийх тухай санамж бичгийг хоёр улсын холбогдох байгууллагууд мөн байгуулсан байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг