sonin.mn

ГХЯ-наас долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” өнөөдөр болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНФУ-д хийсэн албан ёсны айчлал, Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн айлчлалын хүрээнд хийсэн уг айлчлал Францад болсон террорист халдлагаас хойших анхны өндөр түвшний айлчлал гэдгээрээ онцлог байсан юм.

Айлчлалын үеэр хоёр  улсын Ерөнхийлөгч ганцааричлсан уулзалт хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын болон яамдын түвшний хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Хамтарсан мэдэгдэлд хоёр улс терроризмтай тууштай тэмцэх, энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх зэрэг чухал заалтууд тусгагдсан  хэмээн ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, ОХУ-ын Чита хотод энэ сарын 23-24-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан болсон. Монголын хэсгийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын талыг тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е Донской удирдаж байна. Энэ удаад 18 дугаар хурлын үеэр ярилцсан асуудлуудын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.

Өчигдрөөс эхлэн БНХАУ-ын Бүх ардын төлөөлөлөгчдийн хурлын байн хороон дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Дээрх хоёр үйл явдлын талаар ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Энэ сарын 24-25-нд болох Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн чуулганд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоно. Энэ жил тус байгууллагыг Швейцарь улс даргалж байгаа. Энэ удаагийн хурлын үеэр 2016 онд тус хүрээлэнг Монгол Улс даргалах эрхийг хүлээн авах юм.

Түүнчлэн энэ сарын 30-нд Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Конвенцийн оролцогч талуудын бага хурал БНФУ-ын Парис хотноо болно. Уг хуралд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

Мөн энэ оны 12 сарын 03-04-нд Сербийн нийслэлд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын түвшний уулзалт болно. Энэхүү уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөлгчид оролцох юм” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг олон улсад танилцуулж байна. Энэ хүрээнд ГХЯ-ны төлөөлөгчид Швейцарийн холбооны улсад ажиллаад иржээ.

Энэ талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүү, “Швейцари улс төвийг сахих талаар тусгайлан хуульгүй боловч гадаад бодлогын үзэл баримтлалдаа энэ талаар тодорхой тусгасан байдаг. Тиймээс тус улсын төвийг сахих талаар олон жилийн туршлагатай гэж олон улс үнэлдэг юм. Швейцарийн зүгээс манай төвийг сахих бодлогыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн” хэмээв.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Монгол Улсын төвийг сахих бодлогыг хичнээн улс дэмжээд байгаа вэ?

-Төвийг сахих бодлогыг Швейцараас эхлээд 6 улс дэмжсэн. Бусад улс орноор дэмжүүлэх эсэх нь манай улсын гадаад бодлогын ур чадвараас шалтгаална. Төвийг сахих бодлоготой улс, аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцдоггүй учраас тухайн  улсад хөрөнгө оруулалт хийх нь найдвартай хөрөнгө мөнгөө хамгаалах боломжийг бүрдүүлдэг. Тиймээс төвийг сахих нь эдийн засгийн хувьд ч ашигтай.

-Өнгөрсөн долоо хоногт Эрээний дэд консул А.Баярсайханыг ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар?

-Эрээн хотод ажиллаж байсан дэд консул өөрийн дипломат албаны машинтай хил нэвтрэхдээ спорт зориулалттай буу, 200 орчим сум тээвэрлэж явсан нь илэрсэн. Тэрбээр уг бууг хамт явсан найзынх нь эзэмшлийнх хэмээн тайлбарласан. Хэдийгээр өөрийнх нь биш байсан ч Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаж, хариуцлага алдсан хэмээн үзэж ажлаас нь чөлөөлсөн.

-БНСУ-д хэдэн Монгол иргэн ажиллаж байна вэ?

-БНСУ-ын зүгээс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн визний нөхцлөө хөнгөвчилсөн. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих Монгол иргэдийн тоо нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 35 мянга орчим Монгол иргэн БНСУ-д ажиллаж байна гэсэн албан бус тоо бий.  Визний нөхцөл хөнгөрөхөөс өмнө сард 10 орчим иргэн тус улсад оршин суух хугацаагаа хэтрүүлдэг байсан бол 10 дугаар сард  270 орчим иргэн визний хугацаагаа хэтрүүлсэн байна гэсэн мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн.

-БНАСАУ-ын Элчин сайдын яаманд хулгай орсон хэрэг гарсан гэсэн?

-Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

-Гадаадад ял эдэлж байгаа болон хэрэгт холбогдсон иргэдийн талаар статистик мэдээлэл бий юу?

-Гадаадын 13 улсад 107 монголын иргэн ял эдэлж байна. Мөн 193 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан байна.

-Малайзад буудуулсан Н гэх охины хэргийг шалгаж дууссан уу. Австралид хүчингийн хэрэгт холбогдсон 2 залуугийн шүүх хурал юу болсон бэ?

-Малайзад буудуулсан охины хэргийн мөрдлөг үргэлжилж байна. Австралид гэмт хэрэгт холбогдсон залуусын  2 дахь шатны шүүх хурал болсон. Уг шүүх хурлаас манай хоёр иргэнийг уг хэрэгт буруутай гэж үзэх бүрэн нотлох баримт байхгүй тул үргэлжлүүлэн шалгах шийдвэр гарсан.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг