sonin.mn

ТЕГЕРАН. /IRNA/. Даваа гарагт Ираны нийслэл Тегеран хотод өчигдөр болсон Байгалийн хий экспортлогч орнуудын гуравдугаар чуулга уулзалтын үеэр тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хэрэгтэйг онцлов.

Иран болон ОХУ олон салбарт нөхөрсөг, сайн харилцаатай байдаг тухай Роухани дурдаад, сүүлийн саруудад хоёр талын болон олон улсын тавцан дахь хоёр улсын харилцаанд ихээхэн ахиц дэвшил гарч байгаа бөгөөд энэ хандлага цаашид үргэлжлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Бүс нутаг болон олон улсын тулгамдсан асуудлаар хоёр орон санал солилцсон гэж тэрбээр мэдэгдэв. Мөн тэрбээр, терроризмтой тэмцэх асуудалд Иран анхааралтай хандаж байгаа бөгөөд ОХУ ч гэсэн сүүлийн саруудад бүс нутаг дахь терроризмтой тэмцэх ажиллагаанд үр дүнтэй арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ.

Бүс нутаг болон дэлхийн улс орнуудад заналхийлж байгаа терроризмтой тэмцэх тухайд худлаа хийрхэж байгаа орнуудыг бодвол Иран, ОХУ уг асуудалд илүү нухацтай хандаж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, энэ удаагийн чуулга уулзалтын үеэр байгалийн хий экспортлогч орнууд хоорондын болон Ираны түнш орнуудтай хийх салбар бүрийн хамтын ажиллагааг хөнгөвчлөхөөр тохиролцлоо гэж мэдэгдэв.

Хоёр улсын байгууллагуудын тэргүүн болон сайд нарын оролцоотойгоор Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай уулзсандаа баяртай байгаагаа тэрбээр илэрхийлээд, эдгээр хэлэлцээ нь Ираны удирдагчтай хийж байсан хэлэлцээний үргэлжлэл болж байна гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг