sonin.mn
Засгийн газрыг огцруулах ёстой, өнгөрсөн сард эрт байсан, дараа сард бол оройтно, тиймээс яг өнөөдөр л огцруулах ёстой. Хэрвээ хувьсгал мөрөөддөг бол “хүүхний хувцас өмсөж зугтдаг” Керенскийн засгийн газар шиг олхиогүй Засгийн газартай удвал уг нь сайн л байна.
 
Тэгвэл ч асуудал зөвхөн Засгийн газраар хэмжигдэхгүй. Керенский зуны давшилтын операци нэрээр зэвсэг, сум хэрэгсэл муутай армиа тулаанд хөөж оруулснаар сая шахам орос цэргийн амийг дэмий үрж улс орон даяар уй гашуу болж, Засгийнх нь сүнс нь зайлчихсан юм.
 
Харин Ч.Сайханбилэг тэнэг мулгуу, монгол хэл мэддэггүй, толгойдоо үсгүй юмнуудаар “Оюу толгойн” гэрээг шийдүүлснээр угаасаа монголоо гэх сэтгэлгүй адгийн шаарууд улс орноо, газар нутгаа барьцаанд тавьж, дээрээс нь өрөнд орох “үг дуугүй бууж өгөх актад” гарын үсэг зураад ирсэн юм. Харин энэ мулгуу “бүтээн байгуулалтын давшилтын эзэн нь би” гэсэн шиг бүр мулгуу Ерөнхий сайд ард нь зогсож байсан шүү дээ. Тэр 10 настай охинд нь бол хичээл заах байх, харин нэг үндэстэн дамнасан корпорацийн нэг уурхайн эзэнд бол араасаа хийлгэчихэж л байна.

Тэр үеийн Оросын ард түмэн төрийн толгойд германы тагнуулууд, армийн удирдлагад герман цустай генералууд байгаагаас ийм боллоо гэж үзэж боссон, нөгөө талаас тэр “өрнөдийн өндөр боловсролтой, орос биш” генералууд нь хэдэн орос тариачин үхээ л биз, юун сүртэй юм гэж үл тоогоод зогсохгүй Оросын нэр төрийг аврах давшилтад орохын тулд дахин дайчилгаа явуулахыг уриалснаар ард олноо өөрөөсөө бүр түлхчихсэн хэрэг. Хэчнээн мунхаг тариачин байлаа ч бэлтгэлгүй, цөөн сумтай винтов бариад, үхсэн цэргийн нүхтэй шинель нөмрөөд их буу пулемётны идэш болохгүйгээ мэднэ.

Яг үүн шиг ард түмнийхээ амьдралыг мэддэггүй Ерөнхий сайд алтан хавчаараа гялалзуулж байгаад алт мөнгөө тушаахыг “эх оронч” сэтгэлийн үүднээс уриалж байсан, гэвч тэр алт мөнгө нь ломбардад байсан. Ахиад бүсээ чангалахыг уриалж бүх тэтгэмж, халамжийг хасна гэж айлгасан, тэгсэн атлаа өөрсдийнхөө халамжийг “таг мартсан” байсан. Ард түмнээс хэдхэн тэрбумын халамжаа харамлаж байсан хэр нь Америк Пейнтэрт 11 тэрбумыг өгөхөөсөө огт буцаагүй.

Дээр нь улсынхаа төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг “Оюу толгой” ордтойгоо нэмж ганзгалж явуулчихаад “Хэн ч Ерөнхий сайд болсон ингэх л байсан” гэж гөрдөж байна. 
 
Яс тулгасан тоо баримттай асуултад “Би нэг ч тоо хэлэхгүй, би хариулахгүй” гэж байгаа Ерөнхий сайд нэг бол мулгуу, нэг бол тооны үнэнд гүйцэгдсэн гэсэн үг. Эцсийн дүндээ бүх л үйл явц тоогоор, ганцхан тоогоор л батлагддаг гэдгийг “ком-либерал” энэ залуу бүтэн жил Ерөнхий сайд хийснийхээ дараа ч “ойлгоогүй” мэлийгээд сууж байна.

Одоо ийм сүйрэл болсон үед улс орноо биш, намаа бодсон АН-ынхан өөрөө сүйрэхгүйн тулд Үндсэн хуулинд өөрчлөлт хийгээд нуран унаж буй тогтолцоог бүхэлд нь самарчих санаатай байна. Энэ арай нөгөө Пэйнтэрийн 11,0 тэрбумын зөвлөгөө, аль эсвэл Монголд зуссан Стэнфордын пиарчдын өгсөн зөвлөгөө биш байгаа ?!

Уг нь Үндсэн хуулийг аль эрт, гэхдээ улс орноо сүйрүүлснийхээ дараа бус өмнө нь, Оюутолгойг зарахаас нь өмнө, бүр УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянгыг 2012 онд уриалж байхад амжиж хийх байсан юм.

Одоо улс орноо сүйрүүлчихсэн хойноо энэ этгээдүүд Үндсэн хуулиар оролдвол яг Керенскийн адил эмэгтэй хүний хувцас өмсөөд зугтахдаа тулах бий. Дутуу хийсэн өөрчлөлт үргэлж араасаа гүйцээлтээ дагуулж байдаг.Хэрэв Үндсэн хуулийг нийгмийн хүлээлтийн хэмжээнд тулгаж өөрчлөхгүй бол, зөвхөн өөрсдийгөө бодсон дутуу өөрчлөлт хийвэл дараагийн төгс өөрчлөлт рүү түлхэнэ гэдгийг бодох ёстой. Үүнийг хувьсгал гэдэг.

Үнэндээ Керенский ч гэсэн социалист байсан. Арменийн террористуудыг өмгөөлж нэрд гарсан социалист. Дайнд сүйдсэн улсынхаа уутыг гүйцээгээд сэгсэрчихсэн л дээ. Яг өнөөгийн монголд болж буй үйл явцын эхний давтамж тэнд байсан юм. 

Үй олон намууд, социалистууд 1917 оны 2 дугаар сард фронтын байдалтай танилцах гэж явсан хойгуур нь хаанаа унагаад Бүгд Найрамдах засаглал тогтоож, бүгдээрээ Төрийн Думдээ шигдчихсэн. Нэгэнт эрх тушаалын зорилгоо гүйцээсэн тэд улс орноо үүрд эзэгнэн захирах мөрөөдлөөр алив шинэтгэлээс татгалзаж, хийсэн ганц ажил нь зуны давшилт байсан юм. Бүгд хэлж ярьж байснаасаа ухарч өөрсдийгөө “хаан” гэж бодоод тун удалгүй ердөө 8 сарын дараа большевикуудад цусаа холиулсан. Тууштай байснаараа Ленин большевикууд л хожсон юм. Үүнийг л би гүйцээлт гэж нэрлэж байна…

Одоо үндсэн хуулийг дутуу өөрчлөөд, сонгуулиа луйвардаад зүтгэх гэвэл улс орон туйлын аюултай нөхцөл рүү орох гэж байгааг тэр шулга тэргүүтэн нөхөд мэдэж л баймаар, өөрийгөө төрд их удаан зүтгэсэн гэх дуртай юм билээ. АН-аас гамшиг Портуун, МАН-аас тагнуулч Нямдорж л их төр ярих дуртай ч хоёулаа энэ төрийг самралцсан хоёр л доо.

Үүнийг сануулж хэлэх нь судлаач миний үүрэг мөн, харин тэнэг малнууд өдөөн хатгалга хийлээ гээд ёстой жинхнээсээ өөрсдөө өдөөн хатгаад эхэлдэгийг нь өмнө ч сануулж байсан, одоо ч сануулчихъя.

Тэнэгүүд хуучнаараа захирч чадахгүй нь…
Одоо энэ тогтолцоогоо хар. Ерөнхийлөгч нь дэлхийн II дайны өмнөх Норвеги, Швед, Финлянд шиг, дайны байдалд орсон мэт улс орноо төвийг сахиулах гэж хийрхэн зүтгэж байна. Өөр хийх юм байхгүй юу ?! Ядаж үнэт зургийн цуглуулгаа З.Энхболдын байрнаас өөр тийш зөөвөл дээргүй юу ?! Цагаа тулбал би ч гэсэн уран зургийн мэдлэг, таашаалаар Цахиагийн хүүгээс 1000 дахин илүү…

Ц.Элбэгдоржийн “идсэн уусан” нь Н.Энхбаяр болон С.Баяр нараас хамаагүй хол давсан байгаа нь хөдөлшгүй баримт юм. 
Засгийн газар нь дээсэн дөрөөн дээр байгаа ба үндсэндээ ямар ч ажил хийхгүй байна. Нэг ч шинэтгэл, нэг ч өөрчлөлтийн сураг чимээ ч алга. Оюу толгойг зарсан, Таван толгойг зарна, Гацууртыг ухуулна тэгвэл л улс орон хөдөлнө, хэрэв тэгэхгүй бол би юу ч хийхгүй гээд улсаа шантаажлаад гэдийчихэж байна шүү дээ.
 
Гэтэл энэ гурван ордтой ордгүй явж л байсан улс орон яахаараа ингэж таг зогсдог байна ?! Ганц тоо мэддэг гэгдэх М.Энхсайхан Хятадаас бас нэг авгай урьж, “Мийгаа төсөл” хэрэгжихээр л зүгээр болно гээд суух, Ч.Сайханбилэг Дубайгаас мөнгө авчраад зүгээр болгоно гэх, Сангийн сайд нь Хятадаас тэрбум ам.доллар гуйж авна гээд суух. Бүр 10 хувийн хүүтэй шүү.

Энэ засгийн газар “Оюу толгойг худалдахгүй л бол бүх юм гацлаа” гэсэн ганцхан мэдээллийг интернет сүлжээгээр мөнгө төлж цацахаас өөр юу ч хийхгүй байна. Энэ бол мэдээлэл харилцаа холбооны газрын дарга байсан, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч байсан, одоо өөрөө Ерөнхий сайд болсон ч тархи нь яг тэр местэн дээрээ гацчихсан Ч.Сайханбилэг гэдэг хүний хийж чадах цорын ганц ажил юм. Тэр анхнаасаа ийм л юм хийнэ гэдэг нь ойлгомжтой байсан, түүнийгээ л хийлээ. Өөр юу ч хийж чадахгүй…

Өнөөдөр төсвийн асуудал орлого талдаа биш, зарлага талдаа байгааг огт олж харахгүй байна. Зарлага зарлагадаа зарж байгаадаа биш зарахгүй гацааж байгаадаа учир нь бийг харахгүй байна. Төсвийн татварын орлого үндсэндээ биелж байгаа, зэсийн үнэ унасан ч “Эрдэнэт”, “Оюу толгой”-н ил уурхайгаас зэсийн хүдэр ачигдаж л байгаа, экспорт импорт хийгдэж л байгаа, вагонууд мөлхөж, онгоц нисч л байна, яг юу нь болохоо байчихсан юм бол ?!

Ийм нөхцөлд нэгэнт ажиллахгүй байгаа Засгийн газрыг огцруулъя гэхээр бүгд хулгайгаа бодоод гарын үсгийн наймаа хийж байна. Юу ч хийхгүй байгаа хэр нь урсгалаараа явж буй улс орноосоо юухан хээхэн ч болов хулгайлах дон л энэ парламентынханд шүглэчихээд байна. Мөнгөгүй атлаа тэрбум тэрбумаар хаалга, хашаа барих тодотгол хийж байна. Сангийн яам огт ажиллахгүй байгаа ба Ерөнхий сайдаас чиглэл өгөөгүй болохоор тэр.
 
Ийм үед Сангийн яамныхан нүдээ улайж, хошногоо эргэтэл сууж ашиггүй хөрөнгө оруулалтуудыг танаж, царцааж, урсгал зардлаа гүйлгэж, зарлагаа хатуу графикаар зохицуулж, орлогоо яс тооцож байх ёстой. Гэтэл хийж байгаа ажил нь төсөв гацаах. Боловсруулсан төсөв нь өмнөхөө л хуулах. Засгийн газар ажиллахгүй, Сангийн сайд нь чадваргүй, улс орноо бүхэлд нь харчих боловсролгүй учраас урсгалаараа “ёолкдож” л байх шив…

Бодитоор харвал татварын орлого давж биелсээр байтал юу болчихоод энэ улсын төсөв байнгын улайлттай яваад байна гэж асуусан хүн байна уу ?! Энэ бүхэн бас л цаанаа учир шалтгаантай. Жишээ нь төсвийн татварын орлого нэгээс дөрөвдүгээр сард тасалдаж эхэлдэг. Тэр үед зарцуулах мөнгөө одооноос хурааж хумьдаг. Ердийн л график шүү дээ. Харин энэ жил бүр ч их гацааж байна.

Улс орныг удирдана гэдэг эдийн засгаа санхүүгээ удирдахыг хэлдэг болохоос иргэдээ загнаж зааварлахыг, хэвлэлүүдийг цензурдэж хор хутгахыг хэлдэггүй юм. Харин тэр удирдлагыг хэрэгжүүлж байгаа Засгийн газар ядаж огцрохгүйн тулд ядаж л олон нийтээс сайн ажиллаж байгаа гэсэн үнэлгээ авч тэсч үлдэхийн тулд “Хэрхэн ажиллаж байгаагаа байнга харуулж байх ёстой” атал харин ч эсрэгээрээ “Ажил хийлгэхгүй байна” гэж твийтэрчдээр бичүүлчихээд гараа хумхиад сууж байна.

Үүний шалтгаан нь улс орны эдийн засгийг бодсондоо бус, банкуудыг аварч үлдэхэд л байгааг хэн ч харахгүй байна. Нэг их эдийн засагч нэртэй марзан амьтад “Оюу толгойг өг” гэж шаардаад байгаа болохоос улсынхаа эдийн засгийн талаар юу ч мэдэхгүй нь илт байна.
 
Тэд үнэндээ эдийн засагч биш, зүгээр л хөлсний комментчид. Тэд улсаа худалдах ганцхан зорилготой. Худалдахгүй гэснийг нь бөөнөөр боргож хуцдаг улианууд. Үүнийхээ шанд голдуу төрийн ордонд форум хийх мөнгө хулгайлдаг. Тэгээд ягаахан зангиагаа зүүж, нарийхан пижакаа өмсөж тайзан дээр эвшээж суунгаа “Манай форумаас Оюу толгойг л зарахгүй бол улс сүйрнэ” гэсэн уриалга гаргаж байна гэж л хэлдэг. Ингээд л болоо, мөнгөө картлаад пивоны газар руу марш.
Банкуудын балаг

Харин энэ зуур Засгийн газар тодотгол хийх нэрээр, орлого тасалдсан нэрээр төрийн сангийн мөнгийг банкуудад удаан хадгалснаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь хадгалах гэж л оролдож байна. Тодотгол хийх нэрээр төсвийн санхүүжилтийг гацаахын өмнөх долоо хоногт “Голомт” банк бэлнээр гаргах мөнгөний тоог 30 саяар хязгаарлаж, нэг өдрийн өмнө мэдэгдэхийг шаардаж байсныг цөөхөн хүн мэдэж байгаа. М.Зоригт Зам тээврийн сайд болмогцоо төрийн маш олон дансыг өөрийн банк руу шахсны зах зухыг твийтэрт бичээд чимээ алдарсан. Манайд эдийн засаг мэддэг сэтгүүлч байдаггүй, Баатархуяг энэ нэг хөгийн ажилдаа уягдчихаагүй бол харин эвгүй сэжүүр гаргаад ирэх байсан байх.

Нийгмийн даатгалын сангийн 300 тэрбум төгрөгийг жижиг банкинд өндөр хүүтэй хадгалуулснаас банк мөнгө хоёр нь хоёулаа найдваргүй болсныг хуруу дарам цөөхөн хүн мэдэж байгаа. Албан ёсны хүү ба албан бус хүүгийн зөрүүг тонших гэсэн цаддаггүй сайдынх нь цадиггүй авир ийм болгосон. Хоёр сайд нь ингэж дураараа авирлаж байхад Ерөнхий сайд нь нүдэн балай чихэн дүлий сууж л байна. Үнэндээ мэдэх ч үгүй байгаа байх. Яг ийм үед төрийг “Гобсекүүд” барьдаг тухай О.Бальзак аль эрт бичсэн. Уг нь монгол хэл дээр аль 1960-иад оны эхээр орчуулсан бүтээл л дээ.

Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих сангийн мөнгөний тэн хагас нь банкуудад гацчихсан байгаа. Зээл авсан хүмүүст банкууд мөнгийг нь өгөхгүй шар махтай нь хатааж байгаа. Чингис бондын мөнгөний тэн хагас мөн л банкуудад гацчихсан байгаа, хэрэв түүнийг хөдөлгөвөл “ХХБ”, “Голомт”, “Улаанбаатар” банк сүйрнэ.
Нүцгэн үнэнийг хэлэх юм бол монголын банкууд клирингийн тооцоогоо ч хийж чадахгүйдээ тулаад байна. 

Дээрээс нь нийгмийн даатгалын сан, төрийн сангийн мөнгийг аль болох удаан байлгаж байна. Тиймээс улс орноосоо илүү намынхаа банкуудыг унагахгүй тэсгээхийг хичээж байна. Бүр аргаа барвал Төрийн банкинд хамаг өөдгүй найдваргүй активуудаа бүртгүүлээд дампууруулж хувьчлаад өөрсдөө мэнд үлдэх гэж байна. Энэ бол танил хувилбар бүр 1996-2000 онд “ХОТШ”, “Сэргэн босголт”, “Ард” банкуудыг сүйтгэсэн санхүүгийн манхинаци.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг хүлээсэн компаниуд банкны зээлийн өрөнд сүйрч байна. Гэхдээ тэр Засгийн газарт хамаагүй, банкууд байгаа бүхнийг нь үл маргах журмаар булааж авах эрхтэй. Банк л бүрэн бүтэн байвал тэд ёстой хог.

Энэ засаг чухам юуг засахаа, яаж засахаа үнэхээр мэдэхгүй байна. Муу үгээр билэндэх ч яах вэ? Хямралын аль нэг нэхээсийг задлаад утсаа ээрэх хэрэгтэй ш дээ.
Хөгжлийн банкны “но” гэдэг нь Н.Алтанхуягийн үед олж ирсэн хэдэн доллараас үлдсэнийг нь шаазгай зүү олоод хийх газраа олохгүйн үлгэрээр арилжааны банкуудад хадгалуулжээ. Уг нь хүү нь 5,2 хувь. 4,8 хувьтай авахаар байсныг манай алдарт “либералчууд” ингэж өсгөж улс орондоо тус нэмэр болсон юм.

Яг монголын бондын арилжаа хийгдэхийн өмнөх бүтэн сайнд Австрали нөхдийнхөө урилгаар очсон Монголын “сартваахи” Баабар “Монголд зээл өгсөнд орвол зүгээр шатаа, хөрөнгө оруулалт битгий хий, гудамжныхан парламентад орчихлоо гэж ятгаснаар” маргааш нь Хонконгийн хэвлэлүүдээр тараад улсаа ингэж хорлосон хэрэг. Яг бодит байдалд хэн улс үндэстнээ хэн хорлодгийг одоо ойлгож эхэлсэн нь аз. Тэгчихээд одоо болохоор муусайн популистуудаас болоод хөрөнгө оруулалт зогсчихлоо гэж дүвчигнэж байгаа биз ?!

Тэгж ивээн тэтгэгчдээ монголын мөнгөөр угжаад зогсохгүй, өнөө гал түлдэг Портуун Батбаярынхаа олж ирсэн мөнгөнөөс хэдэн арван саяар нь Хөгжлийн банкнаас хулгайлсан Баабар нарын “хар жагсаалтанд” орохгүйн тулд АН-ын Засгийн газраас тэрбумаар аргадаад эцэст нь энэ. Баабар бол үнэн новш, АН-ынх гэдэг ч намаа муулж, нулимж, дэвсэж, айлгаж байж мөнгө авч амьдардаг өчүүхэн гар. Одоо өр төлөх боллоо, ирэх жил төсвийнхөө хагасыг өрөнд өгөх нь гэж гоншигнож байгаа тэд мөнгө хаашаа орсныг хамгийн сайн мэдэж байгаа. Элбэгдорж “онолдож”, Баабар “илтгэл” тавиад эхэлмэгц л Монгол улсын мөнгө өм цөм нохойн замаар ордог нь “хууль”.

5,2 хувьтай бондын үлдэгдлийг Засгийн газар “үрэн таран хийж, шороо овоолж, цаас шиг нимгэн зам тавьж байна” гэж Баабар либералчилсны дараа арилжааны банкуудад 7,0 хувийн хүүтэй хадгалуулах болжээ. Төр ажлаа банкуудаар хийлгэсэн их ухаалаг либерал санаа мөн биз ?!
Ингээд мөнгө дараахь байдлаар байршжээ. Өөрөөр хэлбэл банкууд авчээ.

Үүнд: Худалдаа хөгжлийн банк 570.831.000.00 (Сахал Эрдэнэбилэг Элбэгдоржийн найз), Голомт банк 137.000.000.00 (сайд М.Зоригт, Баясгалан, Батж.Батбаяр, Баабар, Бадамдамдин нар), ХААН банк 330.400.000.00 (Ц.Баатарсайхан- Элбэгдоржийн найз), Төрийн банк 138.400.000.00 (Одоо хувьчилна), Хас банк 145.000.000.00 (МАН-ын Ч.Ганхуягийнх), Улаанбаатар банк 326.491.000.00 (Бас л Бадамжунайн хүргэн, Ц.Элбэгдоржийн найз, М.Энхболдын дотнын хүн “сахал” Эрдэнэбилэгийнх), “Капитал” банк 55.615.000.00 (МАН-ын орон нутгийн идэвхитэн “Бишрэлт”-ийн Ундармаагийнх), Чингис хаан банк 13.000.000, (Аав хүү Громовынх, Г.Батхүү зээл авсан, О.Чулуунбат лоббиддог), Үндэсний хөрөнгө оруулалтын банк 14.000.000.00 (Сумъяабазарынх).

Үүнээс хамгийн их хүртсэн нь Элбэгдоржийн найз “түрийвч” сахал Эрдэнэбилэг, тэр 900 тэрбумыг өөр дээрээ байршуулсан ба тэр мөнгөний хэд нь ҮЭ-ийн ордны арын газрыг худалдаж аваад барьж буй өндөр байшинд орж байгааг Ц.Нямдорж асуух санаатай дүлэгнээд байгаа юм. Нэг их юм мэдчихсэн аятай авирладаг ч түүнд одоо нэг ч тоо байхгүй л дээ. Ц.Нямдорж угаасаа нэг ч тоо мэддэг байгаагүй.

Одоо харцгаая. Засгийн газрыг огцруулахын тулд энд дурдагдсан этгээдүүдээс нэг нь ч гарын үсгээ зураагүй байна. Үүний цаана асар том луйвар явдаг.
Нэгэнт бондын мөнгөнөөс хөрөнгө оруулалт хийгээгүй учраас мөнгө банкуудад 7,0 хувийн хүүтэй байршсаар байгаа. Банк энэ мөнгийг хүүтэй зээл гаргаж байж төлөх ёстой. Яг энд М.Энхболд ба түүний сүүдэрт нуугдаж яваа Австрийн иргэн Н.Золжаргалын үүрэг тодорно. 

Монгол банк бодлогын хүүгээ өсгөсөөр бараг 13 хувь болгосон, энэ нь Засгийн газрын дотоод бондыг худалдан авахдаа тогтоох хүүгийн жишиг болдог. Ойлгомжтой бичвэл банкууд Засгийн газрын гадаад бондыг 7 хувийн хүүтэй өөр дээрээ байршуулаад түүгээрээ буцаагаад Засгийн газрын дотоод бондыг 13 хувийн хүүтэй худалдан авдаг гэсэн үг юм. Зөрүү нь цэвэр 6 хувийн хүүгийн ашиг.

Ингэхээр энэ улс орны мөнгө банкаар нэг ороод гарахдаа буцаад 6 хувийн хүү нэмэгдээд улсын өр болчихож байна гэсэн үг. Засгийн газар өрийн хэмжээг тооцохдоо яагаад дотоод гадаад өрөө нэмж өрийн үйлчилгээ ирэх жил төсвийн тэн хагастай тэнцэнэ гэж зарлаад байсныг гайхаж байгаа “санхүү мэддэг” хүнд бол учир нь энэ байна. Гадаад бондыг 5,2 хувийн хүүтэй зараад түүнийгээ дотоодын банкуудад байршуулаад 13 хувийн хүүтэй зээлж авдаг Засгийн газрыг одоо юу гэмээр юм дээ ?! Монголоор бол адгийн новш л гэнэ дээ. 

Та нар миний эдийн засгийн мэдлэгийг сорьж сонжихын оронд энэ баримтыг дагавал мөнгө хусах овоохон утасны үзүүр барина даа. “Эдийн засаг мэддэг” гэж надтай өдөр болгон хэрэлддэг бууны нохдууд энэ бузар булхайг мэддэг үү ?! Хэрэв урьдын адил иш мухаргүй над руу дайраад эхэлбэл Засгийн газрын бууны нохой болохыг чинь би нотлох л болно. Та нарын эдийн засгийн онол монол гэж хуцваа л байхгүй юу…

А.Баатархуяг АН-ын пиарыг хийж байхдаа ганцхан “Хадгаламж” банкны 17 тэрбумын хэргээр тэр үеийн МАХН-ын МАСЗХ гэх залуучуудын байгууллагыг бүхэлд нь “устгаад”, Засгийн газрыг нь огцруулж, М.Энхболд, Ч.Улаан хоёрыг салгаж, гурван ч УИХ-ын гишүүнийг хэрэгт унагаж хөнтөрч байсан. Бадамжунай, Занданшатар, Хүрэлсүх гурав одоо улс төрд байхгүй. У.Хүрэлсүх харин Ж.Жанцангаар дамжуулж уулзсан тулдаа улстөрд тэсч үлдсэн. Харин А.Баатархуягт талархсан “Алтан гадас”-ынхан түүнийг намаасаа “хөөснийхөө” шанд ялагдсан. Оюун ухааныг “хөөсөн” нь сүүлдээ “үхдэгийн” тод жишээ…

МАХН-ыг санхүүжилтийн эх үүсвэрээс нь салгаж, залуучуудын байгууллагыг нь үнс нурам болгочихоод байхад ялж чадаагүй АН-ынхан одоо өөрсдөө тэр өрөг дээрээ гурван нүүдлийн дараа “мад” хувилбарт орчихсон байна. Үүнийг хохь чинь гэдгийм.

Өнөөдөр МАН-ын пиарчдад энэ байтугай боломж бий. Үүний учрыг хамгийн сайн мэдэх мэргэжил нэгтний хувьд Дэмбээ минь энэ өргийг ахиж тогловол тэнгэрийн умдаг атгана шүү, чи.
16 гарын үсэг

Нэгэнт санхүүгийн луйврыг нь илчилсэн тул одоо улстөрийн завааныг бичих үлдлээ. Өөрөөр хэлбэл “монголын улс төр” гэдэг зүгээр л мөнгө, мөнгө, бас дахин мөнгө идэхийг л хэлдэг.

Уг нь Ч.Сайханбилэг хамгийн дорой Ерөнхий сайд. Түүнийг үлээгээд хийсгэчихмээр авч тогтоод байгаа биз ?! 19 гарын үсэгт гурав дутуу байна. Гурав дутуугийн эдийн засгийн шалтгааныг нэгэнт хэлсэн.

Одоо нэг л зүйлийг их асуудаг. Яагаад З.Энхболд Засгийн газраа авахгүй гэж зугтаад байгаа юм бол гэж. Хамгийн энгийн тайлбар нь сүйрсэн эдийн засагтай улсын Засгийн газар толгойлж нэр хүндээ алдсанаас УИХ-ын даргын суудалдаа шигдэж байгаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байна гэх.
 
Энэ бол улс төрийн байдаг л нэг тайлбар. Санхүү мөнгөний шалтгаан нь түүний гарын хүн ХХБ-ны захирал байгаад Монгол банкны захирал болсон Н.Золжаргалыг хамгаалах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар биш, Монгол банк л мөнгөтэй байсан, З.Энхболд бүх мөнгөний хөдөлгөөнийг Золжаргалаар дамжуулж татаж байсан. Энэ махинацийг илчлэх баримтуудыг би удахгүй дэлгэх болно…

З.Энхболдын Ерөнхий сайд руу хийх алхам АН-д хортой тусна. “Шонхор” фракцынхан “намаасаа том” фракцаа улам хүчтэй, улам мөнгөтэй болгохын тулд “Та дарга бол…” гэж шахаад байхад “Зи” огт хөдлөхгүй байна. “Би фракцгүй намтай болно гэж зарласан учраас аль нэг фракцын талд орохгүй” гэж хэлснийх дараа “Шонхор” фракцынхан уулзаж, найдваргүй этгээдийг фракцаасаа “хөөх” талаар ярьсан ба толгойлогч нь нөгөө Баабарын хэлдэг “горхины юу…” болж байна. Ийм золио хийж ганцаардахдаа тулсан З.Энхболдын тэсгэл тэвчээрийн уг шалтгаан юунд вэ ?

Ч.Сайханбилэгийн Засгийн газар унавал дахин Засгийн газар байгуулагдахгүй гэж тэр болгоомжилж байна. Учир нь МАН эвсэхгүй, МАХН УИХ-ын даргын суудлаар л “гарын үсгийн наймаа хийхээр” улайрч байна. Бие даагчдад З.Энхболд угаасаа итгэдэггүй, тэднийг хуучин МАХН-ын угшилтай гэж үздэг.

Хэдийгээр Г.Уянга Дубайн гэрээний хор холбогдлыг ил болгож, хариуцлага тооцох юм бол дараагийн Засгийн газрыг чинь дэмжээд байгуулаад өгнө гэж амласан боловч бусдад нь итгэхгүй байгаа хэрэг л дээ. “Идсэн хоолондоо сав болдоггүй” Та нар “хэлсэн үгэндээ эзэн” болдог Г.Уянгад итгэсэн ч яалаа, байсан ч яалаа…
Одоо АН 35 суудалтай, ИЗН хоёр суудалтай, МҮАН гурван суудалтай.
 
Ахиж Засгийн газар байгуулахын тулд Г.Уянгын дэмжлэгээс гадна ядаж хоёр санал хэрэгтэй. М.Сономпил “угшлаа” дагана, харин Ч.Батцэрэг эргэлзэж байна. Учир нь Ч.Батцэрэг Н.Энхбаярын сүүдэрт сайд болсон ба түүнд хамгийн нөлөөтэй М.Энхсайхан сүүлийн үед МАН-тай учраа ололцохоор тэр хавьд шарваганаж явдаг болсонд байна. Одоо түүний “бөгсийг” хэн ч үнэлэхгүй.

Н.Энхбаяр бүр одоо Засгийн газрыг унагах бичигт Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёроор гарын үсэг зуруулаагүйнхээ төлөө УИХ-ын даргын суудлыг нэхэж байгаа шүү дээ. Энэ одоо үлгэр үү, хошин шог уу ?!

Хэрэв Н.Энхбаяр УИХ-ын даргыг авбал АН өнгөрөө. Учир нь Н.Энхбаярын хүү Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр тогтвортой ажиллаж байгаа. Тэр боловсролтой залуу АН-ын мөнгөний махинацийг баримт сэлттэй нь УИХ-ын даргыг “атгасан” аав руугаа зөөвөл АН дараагийн сонгуулиар жинхэнэ цунамид өртөнө. Учир нь Монголбанк УИХ-ын мэдлийн байгууллага.

Шахаанд орсон АН-д хоёрхон зам байна эхнийх нь яаж ийгээд Засгийн газраа авч үлдэх. АН түүхэндээ байгаагүй хамгийн муу Ерөнхий сайдыгаа хөдөлгөхгүйн төлөө үхэн хатан зүтгэж байна. Ийм нөхцөлд АН-аас МоАХ салбал бүгд живнэ. МоАХ бол АН-ын сүр сүлд, нэр хүнд.

Гэвч Ч.Сайханбилэгийг байх хугацаанд АН-ын рейтинг тасралтгүй уруудсаар одоо яг тойрогт халзагнавал гурван хүн л найдвартай байгааг мартаж болохгүй. Хэрэв Х.Баттулгыг татан унагавал хайран нэг нь хасагдана.

Нөгөө зам нь “Шударга ёс” эвслийг яаралтай задалж, МҮАН-ыг талдаа татсаны дараа Засгийн газрыг унагах. Эвсэл задарвал МҮАН салаад зогсохгүй Л.Цог ч АН-тай яриа хэлэлцээрт орох боломжтой. Н.Энхбаярын шунал, хударгагүй зан өөрийг нь ийм зам руу түлхэж байна. Сүүлдээ тэр зөвхөн залуусын толгойгоор хооллодог мангас болсон байна. 

Харин үүнгүйгээр Засгийн газрыг унагах эцсийн шийдвэрийг МАН гаргах боломж бас бий. Одоогоос хагас сарын өмнө МАН-ын бүлэг хуралдахад Ц.Нямдорж “АН-ынхан Засгийн эрхийг яаж барьдгийг яруу тодоор харуулахын тулд тоог нь гүйцээх ёстой” гэж цамнасаар санаснаараа тогтоож байсан юм. Өөрөөр хэлбэл дахин гурван хүнээр гарын үсэг зуруулах, ингэснээр АН-ын дөрвөн Засгийн нүүр үзэж ганц суудалтай үлдээх хувилбар.

Гэвч энэ тухай мэдээ тархаад удаагүй байтал МАН-ын удирдлага, бүлэг гэв гэнэт үхээнц байдалд орж хөшсөн юм. Үүнийг олон нийт төдийлөн мэдээгүй, үнэндээ энэ гарын үсгийн цаана жинхэнэ хүйтэн дайн болж байгааг.

АН маш яаралтай хариу арга хэмжээ авсан, тэр юу гээч. Булганыг барьж хорьсон юм. Сонгууль болгоноор Зоригийн хэргийг илрүүлнэ гэдэгт итгэхээ больчихоод байхад 17 жилийн дараа амжил олбол хэн ч гэсэн баярлана. Гэвч энэ удаад С.Зоригийн хэргийг илрүүлэх, үүндээ МАН-ын “аль нэг том албан тушаалтныг” татан сүйрүүлэхээр заналхийлсэн юм. Сонгууль болгоноор “сүрдүүлдэг” ч энэ удаагийнх дэндүү ноцтой.

МАН-ын томоохон бүлэглэл нь хэнийх гээч ?! Түүх мэддэг хүнд Да.Ганболдыг долоо буцааж байсан, тэр үед намын эрх мэдлийг атгаж байсан төрд нөлөөтэй байсан тэр л бүлэглэл. Тэр бүлэглэлийн хамгийн идэвхтэй оролцогч, Оюу толгойн гэрээг байгуулахад маш хүчтэй оролцсон тэр бүлэглэл. Энэ бол хэрэв талийгаач Ш.Отгонбилэгийг үл оролцуулбал Н.Багабанди-С.Баярын бүлэглэл. Тодруулбал Н.Энхбаяр, одоогийн МАН-ын дарга М.Энхболдыг татан гаргаж ирсэн тэр бүлэглэл. Үүний зэрэгцээ Эрдэнэтээс хоёр хүн барьсан ба тэдний ар гэрийнхэн тойргийн гишүүн Л.Цогтой холбоо барьсан байна…

Хэрэг гарах үед Н.Энхбаяр “жижиг гар” байсан, дөнгөж нөхөн сонгуулиар орж ирчихээд тангарагаа өргөсөн байлуу, өргөх гэж байлуу ? Гэхдээ л талийгаач С.Зоригтой хамт “тун олон асуудлыг” шийддэг байсан.

Одоо бол Н.Энхбаяр үүнд жигтэйхэн баярлаж байгаа, гэвч тэр холын шуналтай хүн учраас яг энэ сиймхийгээр ёроол нь нимгэрсэн АН-ын завины сэлүүрийг булаах гэж ноцолдож байна.

Булганыг барьж хоримогц МАН дүлий дүмбэ оргиж эхэллээ. Ганц хүүхнээс “айдаг” нам гэж байдгийм уу ?! Өөрөөр хэлбэл одоо МАН-аас нэг ч хүн гарын үсэг зурахгүй, харин бантсан Ц.Нямдорж Г.Уянгад шаралхаж МАНАН-г “танай” Н.Энхбаяр, М.Энхсайхан байгуулсан” гэж өөрийгөө “цагаатгах” хүчин зүтгэлээ илэрхийллээ. Үнэндээ “Алтан гадас”-ыг анх хэзээ байгуулсан, анхны зуучлагч нь хэн болох, яагаад Увсынхан тэр гадасын толгойд бөөгнөрчихөөд байсны учрыг анжгай нь андахгүй л дээ, тиймээс Нямдорж оо бодолтой ярь.

Одоо гарын үсэг 16 болсон нь ямар аюултай болохыг, яагаад нэр нүүрээ алдсан Ч.Сайханбилэг тэсч үлдээд байгааг бүгд ойлгосон гэж найдна… Одоо бол тэр наймаа төдий асуудал биш болсон, маш ноцтой нөхцөл байдал бий болсон. Ийм учраас усанд живсэн хүн өвсний үзүүр шүүрэхийн үлгэрээр бодлогогүй мулгуу Портуунаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс зуурахаас өөр арга АН-д үлдээгүй.

Гэхдээ Засгийн газраа авч үлдэх юм бол банкуудаа тавьж туух л болох нь дээ, АН-ынхаан. Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, эцсийнх нь эмгэнэл болдог гэж нэг ухаантай хүн хэлсэн л юм л даа…
 
Үргэлжлэл бий…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 11 дүгээр сарын 24.
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?