sonin.mn
 
Улс орны эдийн засгийн суурь дархлаа гэгддэг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан яам болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, Монголбанкнаас  баримталж буй “Үндэсний хуримтлалын бодлого”-ын хүрээнд арилжааны банкуудаас Голомт банк хуримтлалын аян эхлүүлэн дэмжин ажиллаж байгаа юм.
 
Үндэсний хэмжээний энэхүү ажлыг яагаад Монгол хүн бүр ойлгож, хэрэгжүүлэх ёстой  талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Нургултай ярилцлаа.
 
-Юуны өмнө хуримтлалын сэдвээр тантай ярилцмаар байна. Хуримтлал гэж чухам юу юм бэ. Манайхан мөнгөө хуримтлуулна гэхээр их хүндээр хүлээж авч, мөнгөтэй болохоороо л цааш хийнэ гэсээр цаг алдаад байх шиг байна.
 
-Зах зээлийн эдийн засгийн үед мөнгө чухал үүрэг гүйцэтгэдэг нь үнэн. Мөнгө нь олон үүрэг функцтэй байдгийн нэг нь хуримтлалын хэрэгсэл болдог. Тухайлбал өрх олсон орлогоосоо татвараа төлөөд  амьдрал ахуйдаа хэрэгтэй худалдан авалт, үйлчилгээндээ зарцуулаад үлдсэн орлогын хэсгийг хуримтлуулах нь зүйтэй. Хуримтлалтай болох эхний алхам нь хүсэл хэрэгцээгээ ялгаж сурахаас эхэлдэг.
 
Жишээ нь, ажлынхаа зав зайгаар дэлгүүр хэсэхээр энийг ч, тэрийг ч авмаар юм шиг санагддаг үе өчнөөн. Угаалгын машинтай хэрнээ хамгийн сүүлийн үеийн загварынхыг нь авчихмаар, гал тогооны тавилгаа шинэчлээд удаагүй мөртлөө илүү гоё загвар, дизайнтай тавилгууд харахаараа авмаар сэдэл төрөөд байдагдаа. Энэ маань л өөрөө хүсэл нь хэрэгцээгээ давж байгааг харуулж байна.
 
Харин үүний оронд хэрэглээгээ хангахуйц материаллаг зүйлтэй л бол та яагаад үлдсэн орлогынхоо хэсгийг хуримтлуулж болохгүй гэж. Хуримтлалын хамгийн тархсан хэлбэр нь банкин дахь хадгалмж, үнэт цаасанд байршуулсан хөрөнгө оруулалт эсвэл хөрвөх чадвартай үл хөдлөх хөрөнгө байж болно.
 
-Хуримтлалтай хүн бусдаас юугаараа ялгардаг вэ. Зөвхөн мөнгөн дүнгээс өөр давуу талууд юу байна?
 
-Энхий ээлжинд хувь хүний хуримлалыг дурьдах нь зүйтэй байх. Хэрэв бид мөнгө хуримтлуулаад сурчихвал бидэнд ямар давуу талууд бий болох вэ?  Ядаж л бид маргаашдаа санаа зовохгүй.
 
Өнөөдөр цэцэрлэгт явж байгаа охиныхоо дээд сургуулийн төлбөр, орон байрны зардалд нь толгой өвдөхгүй.Мөн санхүүгийн эрх чөлөө, сэтгэл хангалуун байдал, өөртөө итгэх итгэл болон гэнэтийн зүйл тулгарахад бусдаас зээлэх, банкинд очиж зээл авахшаардлагагүй болно шүү дээ. Улс орны хувьд иргэд хуримтлалтай болох нь санхүүгийн тогтвортой байдал цаашлаад эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бий болгох гол суурь юм.
 
Үүний хүрээнд Монголбанкнаас 2012 оноос үл хөдлөх хөрөнгийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх орон сууцны ипотекийн зээлийг нэвтрүүлж эхэлсэн нь нийгмийн дундаж давхаргыг бэхжүүлэх, тэднийг олонхи болгох гол хэрэгсэл буюу хуримтлалын нэг хэлбэр юм. 
 
-Тэгвэл мнгөө хуримтлуулж сурахын тулд бид ямар дадал, зуршилд суралцах ёстой юм бол?
 
-Эхний ээлжинд хувь хүн өөрийн санхүүгээ зохистой удирдах нь нэн чухал. Ингэхдээ мөнгөө хэрхэн удирдах, хүсэл болон хэрэгцээгээ ялгах, мөнгөний үнэ цэнийг ойлгох нь зүйтэй. Дараагийн ахлам бол төсөвлөлт, төлөвлөлт болон зардлаа бууруулах буюу бууруулах арга замыг олох. Ингээд хэрэглээнээс хуримтлал руу шилжих нь зөв болов уу гэж бодож байна.
 
Орлогоос үл хамаараад хуримтлалыг дадал зуршил болгох хэрэгтэй байгаа юм.Заавал их хэмжээний орлоготой болж байгаад түүнээсээ хуримтлал үүсгэнэ гэвэл өрөөсгөл. Хүн ямар ч орлоготой байсан түүнээсээ сар бүр тогтмол хуримтлуулж хэвших юм бол аяндаа амьдралын дадал хэвшил болоод тогтоно.
 
-Гэр бүлдээ зориулан хуримтлал үүсгэх нь хэр ач тустай юм бол. Магадгүй ирээдүйн сайн сайхныг төсөөлөн хуримтлалаа өсгөх хэрэгтэй юм болов уу. Та зөвлөөч?
 
-Тэгж хэлж болно. Сүүлийн гурван жил Монголбанкнаас санаачлан Дэлхийн банкны техникийн туслалцаатайгаар санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институтийг бэхжүүлэх хүрээнд санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлж, энэ 10 дугаар сард Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.
 
Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн зөв шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх, урт хугацаатай хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх, санхүү, банкны системд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжлийг дэмжих боломжтой болох юм.
 
-Гадаадад өндөр настнууд нь тэтгэврээрээ аялж зугаалж байна гэдэг. Тэгвэл манай залуу үеийнхэнд өөрсдөдөө ийм боломжийг хуримтлалаараа үүсгэх боломж бий болов уу?
 
-Байлгүй яахав. Жишээ нь, АНУ байна. Иргэд нь нийгмийн даатгалаараа хувьцааны бизнес хийх замаар хөрөнгө босгодог. Мөн тэтгэврийн сангийн хуримтлал үүсгэж хөгшрөхөөрөө тэрхүү хуримтлалаараа хүссэн улс орноор аялан явдаг. Хамгийн ойрхон жишээ дурьдавал манай урд хөрш Хятадулс байна.
 
Иргэднь тэтгэвэрт гарсныхаа дараа хэн нэгний гарыг харахгүйгээр, ганц хүүхдэдээ дараа бололгүй амьдрахыг хүсдэг. Тэгэхийн тулд мөнгөтэй байх ёстой. Тиймээс яг одооноос мөнгөө хуримтлуулах хэрэгтэй гэсэн зарчимтай. Ийм ч учраас өнөө цагийн хятадуудын орлого нэмэгдэхийн хэрээр амьдрал нь сайжирч, хуримтлалын хэмжээ нь ч нэмэгдсээр байгааг бид харж байна.
 
Бид өнөөдөр ч ийм зорилго тавих хэрэгтэй. Ийм жишээг бид алсаас хайх бус улс орондоо хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулсан гэж ойлгож болно. Санхүүгийн голлох шийдвэр гаргаж, санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож эхэлдэг үе нь залуу үе буюу 18-25 насныхан байдаг учраас энэхүү насны бүлэгт санхүүгийн мэдлэг олгох нь ач холбогдол өндөртэй байдаг.
 
Манай улсын хувьд нийт хүн амын 30 гаруй хувийг 18-25 насны залуучууд эзэлж байна. Залуу үе маань хуримталж эхэлснээр зорилгоодоо хүрэх эхний алхам хийгдэх юм.