sonin.mn
-Танай компани хэзээ байгуулагдсан бэ. Импортыг орлох, экспортод гаргах бүтээг­дэхүүн үйлдвэрлэх зорилт тавиад ажиллаж байгаа гэж сонссон?
 
-Манай компани 2012 онд байгуулагдсан. Солонгос технологиор ванн, угаалтуур үйлдвэр­лэдэг. Мэдээж маркетингаа зөв хийвэл хүмүүст хүрч зах зээлээ тэлэх боломж бий. Гурван жилийн хугацаанд манай үйл ажиллагаа болон борлуулалт тогтмол өсч байгаа. Дөнгөж эхэлж бай­гаа үйлдвэр учраас зар сур­талчилгаанд хөрөнгө төсөв­лөж чадахгүй байгаа ч сошиал медиагаар тодорхой хэмжээнд хүмүүст танигдаж байна.
 
уй зарчим нь борлуулалтаа нэг цэгээс тасралтгүй явуулж ирсэн. 100 айлд лангуу түрээслэн ажиллаж байна. Манайхаас ванн, угаалтуур худалдаж авсан хүн дараа нь найз нөхөд, аав, ээжийгээ дагуулаад ирдэг. Тэгэхээр бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн хүмүүсийн хэрэгцээг хангаж, чанар, өнгө үзэмж гологдохгүй байна гэсэн үг. Бид энэ бүхнээс урам авч ажилладаг.
 
-Үйлдвэрлэл урт хугацаанд хөл дээрээ босдог гэдгийг хүн бүр хэлдэг. Танай үйлдвэр байгуулагдах үед эдийн засаг тийм ч таатай байгаагүй. Тэгэхээр эрсдэлтэй алхам хийжээ дээ?
 
-Монголчууд танил талтай байж ажил бүтдэг. Эсвэл мөнгө өгч бүтээх ёстой гэсэн буруу ойлголттой байх юм билээ. Гэтэл бидэнд танил тал, хүнд илүүчлээд өгөх мөнгө байгаагүй. Харин бидний хувьд технологи, ур чадвар байсан. Мөн эх орондоо шинэ зүйл хийж баялаг бүтээх чин хүсэл байсан. Хүний нутагт сурч ирсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэх зорилго тээсэн. Манай улсын зах зээлд барилга, орон сууц их хэмжээгээр баригдаж байгаа ч ванн, угаалтуур үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр нэг ч байдаггүй. Мэдээж эдийн засаг жилээс жилд хумигдаж байна. Гэхдээ манай улсын эдийн засаг энэ чигээрээ байхгүй шүү дээ. Тиймээс хямралыг боломж болгож ашиглах хэрэгтэй. Гурван жилийн хугацаанд хүмүүст танигдаж, хамтран ажиллах компаниудтай байгаа нь үр дүнгийн илрэл байх. Хямрал хэмээн хойш суух нь тийм ч зөв санаа биш. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн учраас зүтгэх л ганц зам үлдсэн гэж бодож байна.
 
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн эх үүсвэр тулгамдсан асуудал байдаг. Төрөөс дэмжлэг үзүүлэхээр янз бүрийн ажил хийж байгаа. Үүнд хамрагдаж чадсан уу?
 
-Анх үйлдвэрээ байгуулахдаа цаасан дээр бичсэн зүйлээс илүү бодит ажилтай байх нь чухал гэж үзсэн. Тиймээс үйлдвэрээ байгуулсны дараа барилгын материалын үнийг тогтворжуулах хөтөлбөрт хамрагдан эргэлтийн хөрөнгийн зээл авсан.
 
-Төрийн дэмжлэг дутаж байна гэдэг. Төр чухам ямар хэлбэрээр дэмжих ёстой юм бол?
 
-Алсыг харсан цогц, тогтвортой бодлого хэрэгтэй байна. Засаг солигдох бүрт тухайн үед баримталж байсан бодлого, хэрэгжүүлж байсан ажил замхраад байх юм. Энэ нь бизнест маш халтай. Ямар ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа нь үндэстний чадавхи. Үүний тулд дотоодын үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй. Учир нь бараа бүтээгдэхүүнээ импортоор авах нь гадаадын улс орноос эдийн засгийн хувьд хараат болох эхлэл. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс хамааралтайгаар санхүүгийн эх үүсвэрээ олох нь тийм ч таатай биш. Байнгын хяналт дор амьдрах болно.
 
Тиймээс аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хангахын тулд үндэстнийхээ боловсролд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хүмүүсээ чадавхижуулах ёстой. Тухайлбал, импортын орлох экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярьж байгаа, хийж ч байна. Гэхдээ өрсөлдөх чадварыг нь нам дарж байгаа нь харамсалтай. Яагаад гэвэл, дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг импортоор хямд үнэтэй оруулж ирэх нь чадавхид нөлөөлж байгаа юм шүү дээ. Энэ шуурганд өртөж сөхрөөд унасан үйлдвэрлэгчид бий. 
 
-Бизнесийнхэн болон үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих тухай ярьдаг ч хөрсөнд буухаар “хямгадна” гэж байгаа мэт авирладаг талаар хүмүүс шүүмжилдэг. Төр бодитоор дэмжвэл хөгжих боломж бий гэлцдэг?
 
-Төрөөс бодлогоор дэмжин төсөл, хөтөлбөр зохион байгуулдаг. Гэхдээ арилжааны банкуудын ломбард сэтгэлгээг арилгах нь маш чухал. Үүнийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ч хэлж байсан. Хэдийгээр тухайн компани төсөлд шалгарсан ч банкнаас мөнгө авах үед барьцаа хөрөнгө хүрэхгүй гэдэг шалтгаанаар уначихдаг. Яагаад гэвэл, манай улсын дийлэнх аж ахуйн нэгж юунд ч ашиглаагүй үл хөдлөх хөрөнгөтэй байна гэж байхгүй.
 
Ямар нэг байдлаар эргэлтэд оруулсан л байгаа. Тиймээс арилжааны банкуудад бизнесийнхнээ дэмжих бодлого дутаж байна гэж хэлээд байгаа нь оргүй хоосон зүйл биш. Ер нь тухайн бизнесийн үйл ажиллагаа явж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол хөрөнгө эргэлдэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мөнгө эргэлдэхгүйгээр юу ч хийж болохгүй гэдгийг хаана, хаанаа ойлгомоор. Бодитой байхыг бизнесийнхэн юу, юунаас ч илүү хүсдэг. Үйлдвэрлэлийг хөл дээр нь босгохын тулд дор хаяж таван жил ашиг горьдох нь бүү хэл өр дарна гэхэд ч хэцүү.
 
Тиймээс татвар хураамжаар дэмждэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчдийн онцлогт тохирсон дүрэм, журам, зохицуулалт баймаар санагддаг. Мөн зээлийн хүү, хугацаа болон барьцаа хөрөнгөд уян хатан хандах нь тулгамдсан асуудлуудын нэг. Түүнчлэн ижил төстэй импортын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэх эсэхэд анхаарлаа хандуулах цаг болсон. Түүнээс гадна үндэсний хэмжээний үйлдвэрлэгч томоохон компаниуд хоорондоо харилцаатай байх нь чухал гэж боддог.
 
-Тухайлбал, танай компанийн хувьд тулгарч байгаа бэрхшээл юу байна?
 
-Мэдээж бусад компанийн адил татварын өрөнд орж дансаа хаалгаж үзсэн. Өнгөрсөн зун НӨАТ-ын өрөнд орж дансаа хаалгасан. Учир нь манай компани ванн, суултуур, угаалтуур үйлдвэрлэдэг. Түүхий эдээ гаднаас оруулдаг. Тодруулбал, Солонгос улсаас импортолдог. Тэгэхээр бидэнд түүхий эдээ худалдаж авсан ч НӨАТ тооцох боломжгүй. Гэтэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахаар зайлшгүй НӨАТ-ын баримт бичих шаардлагатай.
 
Ингэснээр бид НӨАТ-ын өрөнд ордог юм. Тиймээс НӨАТ шингэсэн худалдан авалт хийх гэхээр шатахуун л авах боломжтой. Хамгийн гол нь олж хийсэн ажлын маань хөлс, зээл, түрээс, ажилчдын цалин болон бусад зардалдаа арайхийж хүрдэг. Ингээд НӨАТ-аа төлж чадалгүй явсаар байгаад хуримтлагдсан өр болчихож байгаа юм. Иймээс үйлдвэрлэлийн салбарыг дэмжихийн тулд цогц бодлого чухал байна. Байдал хүнд болчихлоо, дэмжлэгээ хөрсөнд буулгаж бодит болгооч ээ хэмээн үйлдвэрлэгчдийн бухимдаж байгаа нь аргагүй.
 
-Өнгөрсөн жил “Business summit-2014” уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэрлэгчдээ төр худалдан авалтаараа дэмжинэ гэж байсан. Гэвч энэ нь лоозон төдий байсаар ирсэн гэдэг. Таны бодлоор?
 
-Үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн нэг нь борлуулалт. Одоогоор бодитойгоор төрөөс дэмжин худалдан авалт хийсэн зүйл алга. Тодорхой хэмжээгээр борлуулалт хийх сувгуудыг нээж өгөх зайлшгүй шаардлага бий. Үүнд төр санаачлагатай хандах нь зүйтэй.
 
Тухайлбал, манай салбарт төрийн захиалгаар том, том хороолол, барилгууд баригдаж байгаа. Тэгэхээр тухайн хэрэгжүүлэгч компанитай гэрээ байгуулахдаа үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнээ авах ёстой гэдэг заалт оруулчихвал болохгүй зүйлгүй. Учир нь тухайн гүйцэтгэгч компани хүсэлт гаргахаар захиалагч мэднэ гэдэг. Захиалагч нь аль болох хямд, зардал багатай байхын тулд “Урд хөршөөс бөөнөөр авах нь арай хямд тусах нь, уучлаарай” гэдэг.
 
Энэ мэтчилэн бид өөрсдийгөө дэмждэггүй. Магадгүй үнийн зөрүүгээс гарах хэмнэлт нь тухайн компанид чухал ч гэлээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь түүнээс ч чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
-Үндэсний үйлдвэрлэгчдээс үнийн санал авсан ч худалдан авалт, захиалга хийдэггүй жишиг манайханд байдаг?
 
-Олон газарт үнийн санал, хамтран ажиллах хүсэлт хүргүүлдэг. Гэхдээ дийлэнх нь урд хөршөөс бүтээгдэхүүнээ татдаг. Манай компанийн тухайд “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-д санал хүргүүлсэн. Тус компанийн захирал С.Дотнобилиг, ТОСК-ийн захирал А.Гантулга нар хамтарч ажиллана гэдгээ хэлсэн. Гэвч гэрээгээр баталгаажуулж ажиллах, зүгээр ярилцаад өнгөрөх хоёр өөр байдаг.
 
Магадгүй, зах зээлийн өрсөлдөөнд чадавхижих нь чухал гэж хэлэх байх. Үүнийг үгүйсгэхгүй. Чадавхижина гэдэг нь тухайн байгууллагуудын сонгосон бүтээгдэхүүнээс давсан чанартай, хямд үнэтэй байх ёстой. Үүний тулд үйлдвэрлэлийн хэмжээ ихсэх учиртай. Манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар хаана ч гологдохгүй, үнийн хувьд өндөр байх тал бий. Гэхдээ бид бусад улс, ялангуяа урд хөршийнхтэй харьцуулахад бага хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. Айлын эрх хүүхэд шиг байна гэх шүүмжлэл гарч байсныг санаж байна. Харамсалтай нь бид үүнийг хүсээгүй.
 
Ажиллах орчин, нөхцөл бүрдүүлээд өгөөч гэж л хүссэн. Тиймдээ ч бид төрийн дэмжлэг дутаж байна, үндэсний бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд биесээ дэмжсэнгүй гэж халаглах гэсэнгүй. Гагцхүү хэлсэн, ярьсан нь бодитоор биелж, хөрсөнд буух нь биднийг өсч, дэвжих, хөгжих, чадавхижихад маш чухал гэдгийг сүүлийн хэдэн жил ярьж байгаа юм.
 
-Барьцаа хөрөнгийн талаар хүмүүс их ярих юм. Зээлийн батлан даалтын сан гэж бий. Тэр байгууллага бизнесийнхэнд хэр ойр байдаг вэ?
 
-Жижиг, дунд үйлдвэрийг байгуулахдаа хувь хүн өөрийн хө­рөнгөө шавхан үйлд­вэр­лэлээ эхэлдэг. Тэ­гээд эргэлтийн хөрөнгө босгохын тулд банкнаас зээл хүснэ. Гэвч барьцаа хөрөнгө хүрэхгүй, байхгүй гэдэг шалтгаанаар гацдаг.
 
Ийм байдлаас болон дампуурсан компани ч бий. Харин Зээлийн батлан даалтын сан­гаар дамжуулан хөрөнгө босгох боломж бүрд­сэн нь маш том дэмжлэг болсон. Үүнд нэлээн хэдэн компани хамрагдсан байдаг юм билээ. Төрөөс хийж байгаа ажил байгаа ч цогц биш учраас нэг нь нөгөөгөө татаад унагачих юм. Тиймээс л цогц бодлого хэрэгтэй гээд байгаа юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин