sonin.mn
Аж үйлдвэрийн сайдын ажлын айлчлал Европын зарим  оронд  үргэлжилж байна. Тэрээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд   Бүгд Найрамдах Чех Улсад  ажиллалаа.
 
 
ИРЭЭДҮЙ РҮҮ ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ ГЭВ
 
 
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чех улсын Үйлдвэр  худалдааны сайд Ян Маледектай уулзлаа. Энэ үеэр талууд аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт  хамтран ажиллах  өргөн боломж байгааг онцлов.
 
Чех улсын  албан ёсны хөгжлийн тусламжаар төсөл хэрэгжүүлж  байгаа Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөлийн зураг төслийг хийж байгаа аж.  Мөн уул уурхайн салбарт зураглал хийх хүний нөөцийн сургалтыг хийж байгаа талаар  дурдав.
 
 Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Чех улсаас тоног төхөөрөмж технологи Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байна. Иймд Монгол компаниуд Чех улсаас тоног төхөөрөмж худалдан авахад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр тал хамтран ажиллаж,  ойлголтоо нэгтгэх,  тулгарч буй бэрхшээлийг даван туулж шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй”  хэмээн  уулзалтын үеэр онцолж байсан юм.
 
Түүнчлэн Чех Словакийн худалдааны банк Монгол Улсын Хөгж­лийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгааг   энэ үеэр  илэр­хийл­лээ.  Талууд хоёр ул­сын  Засгийн газар хоорон­дын комиссын хуралдаанаар худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Тиймээс энэхүү уулзалт цагаа олсон ажил хэрэгч уулзалт болсон төдийгүй ирээдүй рүү чиглэсэн хамтын ажил­лагааг өргөжүүлэхэд  аль аль талдаа анхаарах ёстой гэдэгт санал нэгдсэн юм.
 
ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
Д.Эрдэнэбат сайд Бүгд найрамдах Чех улсад ажиллах үеэрээ Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргаж авах үйлдвэр болох “Нutni prjekct fruder-mister” ХХК, “Витковец” группын ган хайлуулах  үйлдвэрийн үйл ажиллагаатай тус, тус танилцав. Энэ үеэр Монгол Улсын “Нью Эко энержи” ХХК Чех улсын “Нutni prjekct fruder-mister” компани “ЧКД энержи” компанитай Монгол Улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
ЧЕХИЙН ЭКСПОРТ БАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ
 
Д.Эрдэнэбат   сайд Чехийн Экспорт банк­ны захирал Карел Буреш болон холбогдох удирд­лагуудтай уулзаж, Монгол Улсад хэрэгжиж буй төсөл санхүүжилт бо­лон цаашдын хамтын ажил­лагааны талаар санал солилцов.
 
Экспортын банк нь 1955 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Бүгд Найрамдах Чех улсын экспортыг  дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан 100 хувь төрийн  өмчит ашгийн төлөө бус байгууллага юм.  Одоогоор дэлхийн 20  гаруй улс оронтой хамтран ажиллаж байна. Экспортын банкны захирал    Карел Буреш    Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөл байгааг онцлов. Энэхүү төслүүд цаашид хоёр орны худалдаа эдийн засагт үр өгөөжөө өгнө хэмээн итгэж буйгаа тэрээр Аж үйлдвэрийн сайдтай уулзах үеэрээ илэрхийллээ.
 
Сайд Д.Эрдэнэбат  Экспортын банкныхантай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрээр “Аж үйлдвэрийн  яам байгуулагдаад нэг жил болж  байгаа ч энэ хугацаанд  Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогоо баталсан.  Бодлогоор  экспортыг дэмжих болоод зөвхөн хүнд үйлдвэр төдийгүй хөнгөн аж үйлдвэрийн салбарт ч хөрөнгө оруулалтыг гол  болгон тусгасан” гэв. Цаашид харилцан ашигтай эдийн засгийг  бий  болгох, хамтран хэрэгжүүлэх  төслүүдийг санхүүжүүлэх олон хэлбэр байгаа талаар талууд ярилцав.
 
ЭГАП  ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРНА
 
Сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Чех ул­сын арилжааны болон экс­портын банкнаас ол­гож буй  зээлийн үйл ажил­­лагааг дүгнэж,  ту­хайн зээлд даатгалын үйл ажиллагаа үзүүлдэг Зас­гийн газрын 100 хувийн эзэмш­лийн байгууллага болох ЭГАП даатгалын удирд­лагуудтай уулзсан  юм. ЭГАП даатгалын удирд­­­лагуудын хувьд Че­хийн экспортлогчдын эрсд­лийг батлан дааж ажил­ладаг аж.  Монгол Улсад хэрэгжиж буй хэд  хэдэн төсөлд даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа талаараа уулзалтын эхэнд танилцуулсан юм. Талууд Монгол Улсад хэрэгжүүлж болох Технологийн төс­лүү­дийн талаар санал солилцож, ЭГАП даатга­лын байгууллага нь Мон­­гол Улсад ялангуяа аж үйлдвэрийн салбарт хэрэг­жиж буй төслүүдэд бүх талын дэмжлэг үзүү­лэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
 
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин