sonin.mn
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, доктор /Ph.D/ Т.Гантөмөртэй ярилцлаа.

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаан уржигдар буюу энэ сарын 23-ны өдөр болсон. Гэтэл нийслэлийн ИТХ дахь МАН- ын бүлгийн зүгээс завсарлага авсан. Яагаад завсарлага авах болсон юм бэ? 

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаан даваа гаригт болсон. Хурлаар 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн. Үүнд манай намын бүлгээс төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийн задаргааг нэг бүрчлэн нарийн гаргаагүй учраас дүгнэлт хийх боломжгүй байсан Мөн Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийслэлийн Аудитын газар тухайн жилийн нийслэлийн төсвийн төсөл, тодотгол хөрөнгө оруулалт төсвийн үр ашгийн асуудалд санал зөвлөмж гаргаж, өргөн барина гэсэн зохицуулалт бий. Энэ хоёр асуудлыг тодруулах үүднээс шаардлага тавьж, манай намын бүлэг гурав хоног завсарлага авсан. 

-Өнөөдөр /өчигдөр/ нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаан болж байна. Ямар асуудал хэлэлцэх вэ? 

-Өнөөдөр /өчигдөр/-ийн хуралдаанаар тав зургаан асуудал хэлэлцэхээр баталж, дотоод журмын дагуу явж байна. Тухайлбал, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, 2016 оны төсвийн төсөл, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, нийслэлийн өмчөөс ирэх онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Манай намын бүлгээс оруулсан саналаар энэ хэлэлцэх асуудалтай холбогдуулаад нийслэлийн Аудитын газраас 2016 оны төсвийн төсөлд өгсөн санал зөвлөмжийг албан ёсны хуралдаан дээр мэдээлэх хүсэлт тавьсан. Үүнийг хүлээн авч Аудитын газрын дарга мэдээлсэн. 

-Өнгөрсөн оны төсвийг танилцууллаа. Энэ талаар тодруулна уу. Ер нь төсөв тасарсан шалтгааныг бүлгийн зүгээс юу гэж үзэж байна вэ? 

-Нийслэлийн Аудитын газраас гаргасан санал зөвлөмжөөр төсвийн орлого эхний арван сарын байдлаар 76.9 хувь буюу 413.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, батлагдсан төсөв 23.1 хувь буюу 124 тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа юм. Жилийн эцсийн хүлээж буй гүйцэтгэлээр 12.3 хувиар нэмэгдэж, 79 тэрбум төгрөгөөр тасрах магадлалтай байна. Үүний гол учир шалтгаан нь эдийн засгийн хямралтай холбогдуулаад олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байр багассан, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлдэг гол татвар болох хувь хүний албан татвараас 30.1 тэрбум төгрөг авч чадахгүйд хүрсэн. Түүнчлэн газрын дуудлага худалдаанаас 36 тэрбум төгрөг төсөвт орж ирэх байсныг бүрдүүлж чадахгүй байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар өршөөгдсөн хүмүүсээс есөн тэрбум төгрөг авах байсан зэрэг шалтгаанаар 80 орчим тэрбум төгрөгөөр тасарсан. Мөн 2015 онд баталсан төсвөөсөө нийтдээ 68 тэрбум төгрөгөөр буурч орж ирж байна. Өөрөөр хэлбэл, баталсан төсвийн орлогынхоо ийм мөнгийг бид олж чадсангүй. Үүнийг хасч өгөөч. Бид эдийн засгийн хямрал бусад шалтгаанаас болоод төлөвлөсөн олон арга хэмжээгээ хийж чадаагүй. Тиймээс анх баталсан мөнгөн дүнг хасч өгөхийг хүсч байна. Ингээд 68 тэрбум төгрөгийг хасч байгаа юм. Ингэхээр 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нийт зардлын 578.2 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 375, хөрөнгийн зардлыг 231 тэрбумаар багасгахаар тооцсон. Нэг жишээ дурдахад, Ардчилсан намынхан мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотод метро байгуулна гэж тусгасан байдаг. Метро байгуулахдаа 2015 оны төсөвт нэг тэрбум төгрөгийг уг ажлынхаа эхлэл буюу ТЭЗҮ- ээр батлуулчихсан. Гэтэл одоо тодотголдоо, “Энэ ажил бүтэхгүй боллоо. Тиймээс энэ нэг тэрбум төгрөгийг хасъя” гэж оруулж ирж байна. Тэгэхээр тэдний батлуулсан төсөв судалгаа, үндэслэл муутай байжээ. Зураг төсөлгүй, газар чөлөөлөхөд нөхөн олговор нь тодорхойгүй газрын маргаантай асуудал олон байна. 2015 онд 14 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар хоёр нь л ашиглалтад ороод байгаа шүү дээ. 

-Төсвийн тодотголыг жилд хэдэн удаа хийдэг вэ? 

-Төсвийн тухай хуулиар жилд нэг удаа хийж байсан. 2012 оноос АН жилийн төсөвт гурван удаа тодотгол хийж байна. 

-Нийтийн эзэмшлийн талбайд хашаа болон барилгаа өргөтгөн барьсан зөрчлийг арилгахын тулд хөрөнгө мөнгө ихээр зарж байна. Ер нь МАН засаг барьж байх үедээ зарим аж ахуйн нэгжид нийтийн эзэмшлийн талбай руу барилгаа өргөтгөн барих зөвшөөрөл өгсөн гэх яриа байна. Түүнчлэн одоогийн эрх баригчид өмнөх намын гаргасан буруу шийдвэрийг залруулахын тулд хөрөнгө мөнгө зарцуулж байгаа гэх юм. Үүнд тайлбар өгнө үү? 

-Би өнгөрсөн жил нийслэлийн Газрын менежментийн хорооны даргын алба хашиж байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Улаанбаатар хотын 2020, 2030 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан баталдаг байлаа.
 
Тухайлбал, 2008- 2012 онд аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээдүүд нь Газрын тухай хуулийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшиж, ашигладаг зөрчил байсан. Тэр зөрчлийг барагдуулахын тулд нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын зүгээс газрын зөрчлийг арилгах ажлыг байнга хийдэг байв. Холбогдох зардлыг нийслэлийн төсөвт суулгадаггүй. Хэн гэм буруутай байна, түүгээр нь хохирлыг төлүүлдэг журамтай байсан юм. Манай намыг эрх барьж байх үед зөвшөөрөл олгосон газрыг буулгахын тулд хөрөнгө мөнгө зарж байна гэж үзэж байгаа бол энэ нь дэндүү улстөржсөн арга юм.
 
Хотын дарга Э.Бат- Үүл анх гарч ирээд нийслэлийн ИТХ-ынхан тогтоолоороо зөвшөөрөлгүй барьсан барилга, обьектуудыг буулгах шийдвэр гаргаж байсан. Хотын А бүсийн обьектод шинээр газар ашиглаж, өмчлүүлэхийг зогсоосон. Тэгвэл өнөөдөр зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хэдийг нь буулгасан юм бэ. Тийм зүйл байхгүй л байгаа шүү дээ. Энд ганц жишээ хэлье, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд Засаг дарга нь өргөн барьж, нийслэлийн ИТХ-аар шийдвэр нь гарсан орон сууцны хорооллын дунд газар доор гарааштай, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогцолбор барина гэж зөвшөөрөл авсан. Гэтэл одоо тэнд юу ч үгүй нэг барилга барьсан дууссан байдаг. 

-Та АН-ыг улстөржүүлснээс энэ байдал үүсээд байна гэсэн. Гэхдээ нөгөө талаас та бүхний тавьсан санал санаачилга шаардлагыг тэд мөн л улстөржөөд байна гэх юм. Та бүхний зүгээс иргэдийг бодож л хэлэх үгээ хэлж байна гэдэг тайлбарыг өгөөд байдаг? 

-Нийслэлийн ИТХ гэдэг нь нутгийн өөрөө удирдах байгууллага юм. 1992 оны шинэ Үндсэн хуулиас эхтэй, хуулиар баталгаажсан иргэдийн эрх ашгийг хамгаалах төлөөллийн байгууллага. Тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлж, төр засгийн явуулж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашигт хэрхэн нийцэж байна гэдэг зарчмаар хурлын байгууллага асуудалд хандаж ирсэн. Өнөөдөр ИТХ-д хоёр намын бүлэг байна.
 
АН төр барьж байна. АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц бодлогыг оруулж ирэхээсээ илүү хүч түрсэн, шоу хийсэн хууль дүрэм зөрчсөн, иргэдээс аль болох оноо авсан зүйлсийг хүчээр баталж байна. Жишээ нь, АН-ын сонгуульд ялсан хөтөлбөрт Туул голын эрэг дагуу далайн амьтны хүрээлэн байгуулна гэсэн. Мөн нийслэлд тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлнэ, метро байгуулна гэсэн.
 
Гэтэл Улаанбаатар хотын гудамжаар тусгай замын автобус хаана байна. Байхгүй л байна шүү дээ. ИТХ-д МАН цөөнхийн байр суурь эзэлж байгаагийн хувьд иргэдийнхээ өмнө сонгуулийн амлалт өгсөн мөрийн хөтөлбөрийнх нь биелэлтийг зайлшгүй нэхэж, шаардаж, хяналт тавьж ажиллах нь цөөнхийн үүрэг мөн. 

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын дэлгэрэнгүй задаргааг энэ сарын 25-ны дотор гаргаж өгөх санал тавьсан. Түүнийг ирүүлсэн үү. Хэрвээ ирүүлэхгүй бол яах вэ? 

-Одоохондоо ирүүлээгүй байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулийг төсвийн ерөнхийлөн захирагч зөрчсөн байвал нэгжийн удирдлагын хуулийн 32.2-оор шийдүүлнэ. 

-Хурлын ирц хэр байна вэ? 

-45 төлөөлөгчөөс 31 нь ирсэн. 

-Хуралд ихэвчлэн МАН-ын бүлгээс асуулт асууж байсан. Хариултаа авч чадаж байна уу? 

-Чадахгүй байна. Би зөвхөн тэдний гаргаж өгсөн 2015 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс 11 зүйлийн асуулт тавьсан. Гэтэл хариулж чадахгүй байна. Тиймээс 2015 оны нийгэм эдийн засгийн зорилтыг өөрсдөө 90.9 хувийн биелэлттэй гаргаарай гэж байгаагаас ялгаагүй. Тэгэхээр үндсэндээ мөрийн хөтөлбөрийнхөө зорилтыг хангалтгүй биелүүлсэн байна гэж үзэж байна. Худлаа тоо тавьж, хийгээгүй зүйлээ хийсэн, дуусаагүй ажлаа дууссан болгож байна гэдэг нь харагдаж байна. Тиймээс манай цөөнхийн бүлгийн байр суурь аль болохоор хуралдаа идэвхтэй оролцож бүх зүйлийг нэг бүрчлэн асууж, санал дүгнэлт хэлэх ёстой. 

-2016 оны төсвийг буруу зүйлд урсгал зардлыг байгаа олоогүй юманд зарцуулбал ирэх онд 100 орчим тэрбумаар төсөв тасарна гэсэн мэдээлэл байна? 

-Нийслэлийн 2015 оны нийт төсөв энэ оны эхний арван сарын байдлаар 23.1 хувь буюу 124 тэрбумаар тасраад байна. Харин 2016 оны төсвийг бодитой төлөвлөхгүй бол үүнээс ч илүү хэмжээгээр тасарч болзошгүй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ирэх оны төсөв хөрсөн дээр буугаагүй байна. Яагаад гэвэл ирэх онд концессын бондын эргэн төлөлт концессоор төсөвт ачааллыг бий болгоно.
 
2016 онд нийслэлийн төсөвт концессоор 19.5 тэрбум төгрөгийг суулгана. Улаанбаатар хотын Замын цагдаагийн 2016 оны нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлого нь 12 тэрбум. Харин 2011-2012 онд нийслэл хүү, торгуулийн орлогоос хоёр тэрбумыг л төвлөрүүлдэг байсан. Өнөөдөр бол зөвхөн замын цагдаагийн газар 12 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна.
 
Мөн Улаанбаатар хот татвартай болсон. Тамхи, архи, бар, ресторан, амралт зугаалгын газраас үйлчилгээ үзүүлсний төлөө нэг хувь гээд 13 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж байна. Аудитын газар нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх эх үүсвэр дээр 2016 оноос эхлээд УИХ-аас иргэн хүний банк дахь хадгаламжийн хүүнээс нэг хувийг нь арилжааны банкаар дамжуулж төсөвт төвлөрүүлэхээр болсон. Үүнээс улсын төсөвт 20 тэрбумыг олъё гэж төлөвлөсөн.
 
Гэтэл Аудитын газраас “бага байна. 10 тэрбумыг нэмж, 30 тэрбумыг иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс олох хүүгийн ашгаас суутгаж ав” гэж байна. Ажлын байргүй болсон, цалин хөлсөө нэмэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, дэлхийн зах зээлд бензин шатахууны үнэ буурсан байхад манайд буурдаггүй хадгаламжаас нь мөнгө авахаар чинь төр засаг зөвхөн татварын дарамтаар төсвийн алдагдлаа нөхсөн бодлого явуулж байна. Засгийн газраас “Эдийн засгийн хэмнэлтийн горимд ор. Том төрөөс ухаалаг төртэй болно. Эдийн засагтай холбогдуулаад зарим үргүй зарлагаа багасга. Засаг захиргааны удирдлагын тухай хуульд аймаг, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой, нийслэл хоёр орлогчтой бай” гээд байхад нийслэлийн Засаг дарга өнөөдрийг хүртэл зургаан орлогчтой байна.
 
Зургаан орлогчоо одоог хүртэл төсвийн мөнгөөр цалинжуулж байна. Өөрөөр хэлбэл, орлогч, түүний туслах нь цалин авна. Унаа, эд хөрөнгө тавилгад төсвөөс мөнгө гаргана. Ингээд нөгөө данхайсан юм нь байгаад л байгаа хэрнээ иргэдийн нуруунд татварын ачааг бий болгож зардлаа нэмэх гэсэн төсөл оруулж байна. 

Нийслэлийн Аудитын газраас гаргасан санал зөвлөмжөөр төсвийн орлого эхний арван сарын байдлаар 76.9 хувь буюу 413.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, батлагдсан төсөв 23.1 хувь буюу 124 тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа юм.
 
Жилийн эцсийн хүлээж буй гүйцэтгэлээр 12.3 хувиар нэмэгдэж, 76 тэрбум төгрөгөөр тасрах магадлалтай байна. Үүний гол учир шалтгаан нь эдийн засгийн хямралтай холбогдуулаад олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байр багассан нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлдэг гол татвар болох хувь хүний албан татвараас 30.1 тэрбум төгрөг авч чадахгүйд хүрсэн.
 
Түүнчлэн газрын дуудлага худалдаанаас 36 тэрбум төгрөг төсөвт орж ирэх байсныг бүрдүүлж чадахгүй байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар өршөөгдсөн хүмүүсээс есөн тэрбум төгрөг авах байсан зэрэг шалтгаанаар 80 орчим тэрбум төгрөгөөр тасарсан... 
 

Ц.Заяа М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин