sonin.mn
“Миний аав” буланд СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан Ц.Ерөө уригдан аавынхаа талаар дурсан ярьж байна.
 
Түүний аавыг хүмүүс “Монгол маршийн хаан”, найрал хөгжмийн удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Навааны Цэрэнпил гэдгээр нь таних билээ. Энэ онд Н.Цэрэнпил гуайн 100 насны ой тохиож буй юм.
 
-Энэ жил Н.Цэрэнпил гуайн зуун насны ой тохиож байна. Таны аавын тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?
 
-Миний аав Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул иргэн. Бага насандаа эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Учир нь аавын маань аав миний өвөө тайж язгууртай, эмээ маань харц язгууртай байсан учраас гэрлэхийг зөвшөөрөөгүй юм гэдэг.
 
Тийм ч учраас аав маань ээжийнхээ ааваар Навааны Цэрэнпил гэж овоглогдсон түүхтэй. Эцэг нь Дашлин мэргэн гэж сур харвадаг, барилддаг мундаг хүн байж. Аав маань бага насаа хөдөө нутагт өнгөрөөсөн. Тухайн үед Ерөө сумынхан хүүхдүүдээ заавал усчин болгож сургадаг байжээ. Түүний дагуу аав хар багаасаа усанд сэлж сураад, 13 настайгаасаа салчин хийдэг болжээ.
 
Улмаар 18 настайдаа сайн дураараа Дотоод яамны цэрэгт ирж, 1933 онд Зөвлөлтийн мэргэжилтэн цэргийн хөгжимд хүн шалгаруулахад аав маань тэнцэж орсон түүхтэй. Аав багаасаа хуучир, морин хуур сонсголоороо тоглодог, урлагт дуртай хүн байж л дээ. Зөвлөлтийн мэргэжилтэн аавын шүдийг нь үзээд л, турбо хөгжим үлээлгэж шалгаж авч байсан гэдэг. Тэгж аавын маань хөгжимтэй холбогдсон амьдралын замнал нь эхэлсэн түүхтэй.
 
-Монголын бүхий л цэргийн марш болон томоохон маршуудыг таны аавыг л бичсэн. Н.Цэрэнпил гуайгаас хойш марш бичих хүнгүй болсон гэж ярих юм?
 
-Ер нь тийм шүү. Аав маань бүхий л эрүүл ухаан, саруул биеэ цэргийн хөгжмийн хөгжил, цаашдын хувь заяа, цэргийн үлээвэр хөгжмийн уран бүтээл зохиолд зориулсан хүн л дээ. Дээр нь гадаад, дотоодын хөгжмийн зохиолчдын том том симфони, тухайлбал хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайн “Ханбогд” симфони гэх зэргээр бусдынхаа бүтээлийг үлээвэр хөгжимдөө найруулж бичсэн.
 
Аав маань зөвхөн марш бичсэнээрээ биш янз бүрийн бүжгийн аялгуу, биеийн тамирын марш, салбар салбарын ажилчдын марш, хөгжим бичсэнээрээ танигдсан. Тэр битгий хэл манай аав чинь хөгжмөөрөө спортын мастер цол авч байсан. Ямар юмаараа гимнастик хийж, уран нугарч, хүндийг өргөх вэ дээ. Тэр үед наадмаар хүүхэд залуус гимнастикийн элдэв цэцэг навчтай үзүүлбэр үзүүлдэг байлаа. Тэрүүнд аав хөгжим бичдэг.
 
Дээр нь хүүхдийн дуу их бичдэг байсан. Тухайн үед аавыг ид ажиллаж байхад Улаанбаатар хотын ихэнх сургууль үлээвэр хөгжмийн хамтлагтай байлаа. Тэр болгонд аав хүрэлцэн очиж хуучин хөгжим бэлэглэж, хүүхдүүдэд нь зааж, ажиллаж байгаад гарсан хүмүүсээ хөгжмийн багшаар тэнд нь оруулдаг байж л дээ. Х.Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн үлээвэр хөгжим хамгийн мундаг нь гэж явдаг байлаа.
 
Бид нар 1959 онд Монголын залуучуудын анхдугаар их наадамд Кармен дуурийн Уверьтюрээр алтан медаль авч байсан. Энэ мэтчилэн сургуулиуд хооронд аавын тэр маршийг нь авчихаж, тэднийх энэ маршийг нь тоглочихож гэх зэргээр их өрсөлддөг байсан. Би аавыгаа зөвхөн марш гэлтгүй Монголын үлээвэр хөгжмийн хөгжлийг авч явсан гэж бардам хэлнэ. Үлээвэр хөгжмийн сургууль гэж байгаагүй үед аав маань цэрэг хувцастай жижигхэн хүүхдүүдийг оруулж хөгжим заадаг байсан.
 
Мөн аав маань олны хүүхдийг сургадаг, асардаг, амьдралд нь хүргэдэг хүнийг өөд татдаг хүн байжээ, одоо эргээд бодоход. Тэр байтугай манайд хамаатан ч биш янз бүрийн хүмүүс байж л байна. Ээжийн дүү ч юм шиг, аавын дүү ч юм шиг байж байгаад авгай аваад тусад нь гаргаад явуулдаг байсан.
 
-Тухайн үед, тодруулбал 1990 он хүртэл Н.Цэрэнпил гуайн маршгүй нэг ч баяр ёслол жагсаал цуглаан болж байгаагүй гэдэг юм билээ. Баярын жагсаал ч их болдог байсан байх?
 
 
-Тэгэлгүй яахав. Тийм ч учраас аав жилээс жилд “За нисэгчдэд нэг марш хийе, аяны марш хийе, эмч нарт хийе” гээд л бичдэг байсан. Казах марш хүртэл бичсэн байдаг. “Аяны 1,2,3” “Угтах марш”, “Тугийн марш”, “Нисэгчдийн марш” гээд төрөл төрлөөр нь хийдэг. Ухаан нь жагсаалаар эмнэлгийнхэн гээд л явахаар эмнэлгийнхэнд зориулсан марш, нисэгчдийг явахаар нисэгчдийн марш тавина гэж л боддог байсан шиг байгаа юм.
 
Манай аав бас урлагийн том том зохиолчдын үнэлгээгээр хөрвүүлэг бичихдээ их мундаг байсан гэдэг юм билээ. Одоо бол эвийг нь олж бичдэг хүн тэр бүр байхгүй гэж ярьдаг юм. Би тэрүүгээр нь ааваараа их бахархдаг. Дамдинсүрэн гуайн “Хасбаатар” симфони оркесторт бичсэн зохиолыг үлээвэрт буулгаж бичих, Намсрайжав гуайн “Баярын удиртгал”-ыг ч байдаг юм уу үлээвэрт хувиргаад бичнэ гэдэг өөр асуудал л даа.
 
-Нийтдээ хичнээн марш бичсэн байдаг юм бол?
 
-Аав маань 115 марш бичсэн гэдэг юм. Ер нь бүх цэргийн ангийн хөгжимд аавын маршийг тоглохгүй хөгжим одоохондоо байхгүй л байна. Хэдийгээр миний аав өнгөрөөд 30 гаруй жил болсон ч марш нь одоо ч явж байгаа нь тэр хүний уран бүтээл хэрхэн мөнхөрсөн бэ гэдэг нь харагдаж байгаа юм.
 
-Цэргийн хөгжмийн ангид орсныхоо дараагаар хөгжмийн боловсролоо дээшлүүлэхээр гадагш, дотогш сургуульд явж байсан юм болов уу?
 
-Цэргийн хөгжмийн ангид л явж боловсрол эзэмшсэн. 1960-аад оны үед юм уу даа, ядахнаа хоёр жилийн сургалтад ч болов явъя гэсэн юм. Гэтэл цаанаас “Чиний ажлыг хийх хүн байхгүй. Чи одоо юу сурах гээд байгаа юм” гээд явуулаагүй. Хүн л болсон хойно юм мэдье, үзье гэж бодсон байх л даа.
 
Аав тэгээд үлгэр жишээ хөгжмийнхөө анхны дарга, анхны хурандаа, анхны урлагийн гавьяат зүтгэлтэн нь юм. Тухайн үед партизаны дараа ахмад зүтгэлтэн гэж цол өгч байсан. Анхны дөрвөн ахмад зүтгэлтний нэг нь. Нэлээд хэдэн анхны гэсэн тодотголтой. Ёстой хөгжмийн төлөө гэж зүтгэсээр яваад л дууссан хүн дээ.
 
-Тэр үед баяр, ёслолыг алгасахгүй биз. Та аавыгаа хэр дагаж явдаг байв?
 
-Нэг их дагаж явахгүй. Аав их завгүй. Бэлтгэл сургууль хийнэ гэж бөөн юм болно. Баяраас хоёр гурав хоногийн өмнө өглөө бүр 03.00,04.00 цагт явна. “Майн нэгэн”, “Мартын 8”, Октябрийн баяр, наадмын өмнө жагсаалын сургууль хийнэ. Тэгж байж жагсана. Би яахав ажлаараа жагсаалд явахад, аав гараа дохиж байгаа л харагдана. Стадионд наадмын нээлт ёслол болоход аавыг дагаж явдаг байсан. Аав сүүлд ач нараа голдуу дагуулж явдаг болсон. Манай хүүхдүүдийг маш их эрхлүүлдэг. Ач нартаа ёстой амь байсан даа.
 
-Цэргийн хүмүүс ерөнхийдөө түс, тас гэсэн хүмүүс байдаг. Таныг хэр эрхлүүлдэг байв?
 
-Би чинь айхтар эрх охин байсан ш дээ. Долдугаар ангиа төгсөөд Орос улс руу сургуульд явсан. Тэгэхэд айлын улсууд “Өө, Цэрэнпилийн эрх шар төгсөхгүй дээ. Эрхлээд хүрээд ирнэ” гэж байсан гэдэг. Ижий аав дээрээ ганцаараа өсчихсөн болохоор тийм эрх болчихсон. Гэхдээ хүний хувь тавилан байх. Яаж ийгээд буцаж ирэлгүйгээр төгсөөд ирчихсэн дээ. Тэрнийхээ хүчинд л одоо өдий чинээ явж байна.
 
Аав, ээж хоёр маань нялх охиноо зүрх зориг гаргаад сургуульд явуулалгүй, 20 гартал нь эрхлүүлээд явсан бол би ямар ч байх байсан билээ. Гэхдээ хагас бүтэн сайн болгон аав ээжтэйгээ утсаар ярина. Тэр үед ямар утас байх биш шуудан орж ярина. Аав, ээж хоёр маань сүүлд нь “Чамтай утсаар ярьчихаад л бид хоёр кино үзээд гэртээ харьдаг байсан” гэж ярьж байсан. Зайлуул утсаар яриад л санаа нь амардаг байж л дээ.
 
Бараг л шувуу явсан ч далавчинд нь юм дүүжлээд явуулна ш дээ. Өөр айлын хүүхдүүд гэрээсээ бараг юм авахгүй байхад би эрхийн тэнэг л байсан байхгүй юу. Тийм ч учраас миний хүүхдүүдийг ч их эрхлүүлдэг байсан. Би урлагийн хүн болохоор гэртээ бараг байхгүй. Байнга гадагшаа дотогшоо явна. Ааваас хойш ижий маань л миний хүүхдүүдийг өсгөж хүн болгож өгсөн дөө.
 
-Аав тань дөнгөж 13 настайгаасаа л ажил хийж эхэлсэн гэхээр их амьдралын төлөө зүтгэдэг хүн байж дээ?
 
-Тэгэлгүй яахав. Манай аавын өвөөг “Хар Наваан” гэдэг байсан гэнэ лээ. Би тэгээд ааваас “Танай өвөө чинь хар царайтай хүн байсан юм уу” гэж асууж байсан удаатай. Үгүй, харц ард хүн байсан юм байна. Тийм айлд чинь ямар л олигтой мал хуй байхав.
 
Ямар сайндаа л би 13 наснаасаа салчин хийж байхав дээ. Цалин авдаг л байсан байлгүй. Хар багаас хөдөлмөрт нухлагдаж, амьдралын төлөө зүтгэж ирсэн. Бүхнээ гэр бүлдээ зориулсан хүн байсан. Аав залуудаа цалингаа буухаар шинелийнхээ энгэрийн халаасан дээр гараа тавиад л ирдэг байсан гэдэг. Ээж холоос хараад мэдчихдэг. Ирээд бүх цалингаа ээжид өгчихнө.
 
Тэгээд л ээж өглөөд “Цэрэнпээл, цонхон дээр тамхийг чинь тавьчихсан шүү. Оймсоо, майкаа солиорой” гэнэ. Аав “За” гээд л сууж байна. Ерөөсөө гэр орны юм мэдэхгүй. Тэр өгсөн мөнгө төгрөгийг нь ээж хүргэж байна уу, зээлж байна уу, хаясан уу ерөөсөө хамаагүй. Зөвхөн л цалингаа оруулж өгдөг. Ээжийн авч өгснийг зүүгээд, өмсөөд л явж байдаг хүн байсан.
 
-Та бас ааваасаа их татвар хураана биз?
 
-Аа тэгнэ, тэгнэ. Би өндөр үнэтээс тийм юм авч өмсмөөр байна ш дээ гээд л хошуугаа унжуулна. Аав “Миний хүү хөгжмийн зохиолчдын холбоон дээрээс очоод миний маршийн мөнгийг авчих”л гэнэ. Тухайн үедээ хүн чинь эрхэлж байгаагаа ойлгодоггүй юм билээ. Тэгээд аав ч уначихлаа.
 
Бүх юм ээж, бид хоёрын толгой дээр ирж байгаа юм. Тэр үеэр бас дөрвөн хүүхдийн маань эцэг хаяад явчихсан. Тэгээд ирэхээр сайн ажиллаж, цалин авч байж л дөрвөн хүүхдээ, ээжийгээ тэжээх хэрэгтэй болж байгаагаа ойлгож байгаа юм.Тэгэхэд л би “Би чинь ямар муухай дураараа байсан юм бэ” гэж ойлгосон доо. Дуурийн театрт бас ч гэдгээ гайгүй цалин авдаг байсан. Аав, ээждээ нэг ч удаа өгч байгаагүй ш дээ. Нэг л сайхан ганган амьтан ажлын хүүхнүүдээ “Улаанбаатарт хоол идье. Найз нь өгчихье” гэдэг л авгай байв. Сүүлд ааваас хойш өөр болоод ирж байгаа юм. Тэгэхэд л би дэндүү эрх өссөн гэдгээ ойлгосон.
 
-Та эхээс хэдүүлээ билээ?
 
-Хоёулаа. Би дороо нэг эрэгтэй дүүтэй. Гэхдээ би ганцаараа шахуу аав, ээж дээрээ өссөн л дөө. Аав цэргийн хөгжмийн дарга болчихсон байхдаа ногооны зоорь ухаж даараад хатгаа болоод хүндэрчихжээ. Сүүлдээ шинелээ ч даахгүй болчихсон байсан гэдэг.
 
Тэгээд нутаг усандаа гар гэж зөвлөсний дагуу Ерөө сумандаа очоод үнээний бүлээн сүүгээр эмчилгээ хийж гайгүй болж л дээ. Тэр үеэр би ч олдож сэтгэл санаа нь өөдрөг болсон байх. Энэ хоёр маань суугаад таван жил болж би гарсан юм. Ээж хүүхэд өргөж авъя гэсэн аав өөрт заяагаагүй юмыг яах юм гэсэн гэнэ лээ. Тэгтэл би долоон сартай дутуу гараад, дөнгөж хоёр гурван сар болж байхад ээж ахиад жирэмсэн болсон гэсэн үг.
 
Гэтэл дүүг төрөх гээд өвдөж байх үеэс нь эхлээд саахалтынх нь хоёр хөгшин гуйсаар байгаад авчихсан юм билээ. Хүүгээ алдаад удаагүй байхад нь лам хүн танай саахалтын айлд холоос ирсэн хүмүүст хүү чинь төрнө гэж хэлсэн юм билээ. Тэгээд дүүг төрсний дараа тувт орж ирж ээлжилж тэвэрсээр байгаад авчихсан гэдэг. Тэгж бид хоёр тусдаа өссөн юм. Сүүлд манайхыг хот руу нүүсний ард тэр хоёр хөгшин захиа ирүүлсэн. Тэгээд аав тэр гуравт Гандан дээр хашаа байшин авч өгөөд авчирсан юм.
 
-Айл болгон зурагт гэж байхгүй дээр үеийн хүмүүс хүүхдүүдээ дагуулаад л кино, жүжиг их үзэж явдаг байсан. Танай гэр бүл тэгж явдаг байв уу?
 
-Явна, явна. Тэр үед Зөвлөлтийн цирк, Хятадын цирк гээд их ирдэг байсан. Алиалагч Данзан ахынх айл болохоор билет захиад л их үзнэ. Аав маань театрт их очдог, маш гоё хоолойтой хүн байсан. Ямар сайндаа театрын хүн болно гэж байхав дээ. Аав маань бас анд их дуртай. Амралтаараа нутаг руугаа заавал явна. Нутагтаа очихоороо аав ан агнана. Аав Ерөө сумаас урагшаагаа ой дотор бэрлэг ялбаг гээд отогтой байсан.
 
Өөр хүн очсон ч гэсэн идэх юм бэлдээд тавьчихдаг байсан. Тэгэхэд Ойдовжамц ах, “Энэ хүүхнүүд үү” киноны Дорж буюу Д.Дамдинсүрэн анх, Намсрай гуай нартай нийлээд л явдаг хүн байсан. Загас барина.
 
-Гэрийн эзнийхээ хувьд хэр ноён нуруутай хүн байв. Таныг ямар ухаанаар өсгөж хүмүүжүүлсэн бэ?
 
-Аав хэзээ ч надад гар хүрч үзээгүй. Барагтай бол хатуу үг хэлэхгүй. Ижий ч гэсэн загнаж, зоддог ч үгүй байсан. Би ч гайгүй сурдаг байсан юм шиг байгаа юм. Аав надаа баян хөгжим, төгөлдөр хуур заана. Дутуу гараад их сул биетай байсан болохоор намайг аль болох биеийн тамир, гимнастикаар хөгжүүлэхийг хичээнэ. Хүнд хэлэхээс ичмээр болохоос би чинь муу ч үгүй спортын мастер хүн шүү дээ.
 
Аав минь миний хувьд их утга учир болж байсан хүн л дээ. Аав маань “Миний хүү үнэнч хөдөлмөрөөрөө олж идсэн хоол чинь их амттай байдаг юм шүү дээ” гэж их ярьдаг хүн байсан. Ер нь тэгээд их хэнхэг байлгах гэнэ. Тоглолтгүй үеэр л “Хөөе чи өнөөдөр тоглолт байхгүй юм уу. Зүгээр байхаар очоод нотоо хараад сууж байхгүй юм байх даа” л гэнэ. Өөрөө тийм хүн чинь. Өөрөө өглөө цэрэг босохоос өмнө очоод л, орой цэргээ унтуулаад ирдэг байсан.
 
-Та ээжийнхээ тухай дурсаач?
 
-Миний ээж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүн л дээ. 16 настайдаа хотод ирж ажиллаж байгаад аавтай танилцсан юм билээ. Манай ээж насаараа төмөр замын цэцэрлэгт дарга хийсэн. Анхны орос цэцэрлэгтэй байж байгаад монгол цэцэрлэг болоход анхны дарга нь болсон юм.
 
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"