sonin.mn

Хятадын Хориотой хотод анх удаа зохион байгуулсан Монгол, Хятадын зураачдын “Тал нутгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галарейд ирэх сарын 01-нд нээлтээ хийнэ.

 

2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монголын Уран зургийн галерей,  Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилго тавьсан юм.

Энэ хүрээнд  Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галерейд 10 хоног зохион байгууллаа. Үзэсгэлэнд хоёр орны дүрслэх урлагийн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч  үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний гээд дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцсон юм.

Монгол Хятадын дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан энэ үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн захирал, зураач Н.Батбаатар санаачлан зохион байгуулах үндэс суурийг тавьсан төдийгүй түүний “Сахиус”, “Хос Вансэмбэрүү” бүтээл нь үзэсгэлэнгийн голлох бүтээлүүд болон тавигдсан байна.

Үзэсгэлэнд Хятадын талаас дэлхийд нэрээ гаргасан алдартай зураачид болох Лиү Да Ви, Фан Ди Ан, Су Синь Пин, Вон Ин Шэнг нар оролцсон бол Монголоос Төрийн  соёрхолт, СГЗ зураач Ш.Чимиддорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг нарын уран бүтээлчид улсаа төлөөллөө. Үзэсгэлэнгийн явцыг Хятадын томоохон хэвлэлүүдээр цацсан төдийгүй Монголын зураачдын арга барил, чөлөөт сэтгэлгээг уран зураг сонирхогчид өндөр үнэлсэн байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд Монгол орны өргөн тал нутаг, баатарлаг туульс, монгол хүний уужим тайван сэтгэл, бүтээлч, хурц ухаан зэргийг илэрхийлж байгаа аж.

Монгол Хятад хоёр орны дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд гаргахад чиглэсэн энэ үзэсгэлэн дэлхийн үзэгчдэд томоохон боломж олгож байна. Өмнө нь Бээжингийн цохилох зүрх нь болсон Хориотой хотод тэр дундаа хааны ордонд өөр ямар ч орны үзэсгэлэн зохион байгуулж байгаагүй юм. Тус үзэсгэлэнг  энэ удаа Монгол Улсад нээх юм.

Ж.Болор

 

Эх сурвалж: Монцамэагентлаг