sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдын урилгаар Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.25/ “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа.

“Амгалан” дулааны станц төслийн хүрээнд 300 Гкал/ц дулаан үйлдвэрлэх, 2х6000м шугам, дулаан дамжуулах 7 төв, 110/10КВт цахилгаан дамжуулах шугам мөн дэд станцыг барихаар тусгагдсан аж. Энэхүү станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангахаас гадна “ДЦС-4” ТӨХК-ийн өсөн нэмэгдэж буй ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. 

Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцах үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт үг хэлсэн юм. Тэрээр, хоёр орны эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлын нэгэн бэлгэ тэмдэг болсон “Амгалан” дулааны станцын ажилтай танилцахаар өөрийн биеэр хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд уг төсөл нь гуч гаруй жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хйигдээгүй томоохон бүтээн байгуулалтын түүчээ болсон гэдгээрээ онцлог юм гэлээ. Түүнчлэн, Монгол, Хятад хоёр орны найрсаг хөршийн харилцааны бэлэг тэмдэг болсон энэхүү бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК, мөн БНХАУ-ын Хөгжлийн банканд санхүүжилтийг саадгүй олгож ажилласанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи хэлэхдээ, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг ба үүний илрэл болох энэхүү төсөл амжилттай хэрэгжсэн нь чухал алхам болж байна мөн хоёр талын холбогдох байгууллага болон нийт ажилчдад талархал илэрхийлье гэлээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр өндөрлөх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.