sonin.mn

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.25/ хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан гишүүдэд уншиж танилцуулсан.

Ажлын хэсгээс, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтыг “эрчим хүч хэмнэлтийн менежер гэж” энэ хуулийн 3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг” гэж өөрчлөн найруулах саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь уг саналыг дэмжсэн.

Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Монгол банкны удирдлагууд эзгүй байгаа тул асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргасан учир энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.