sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод энэ сарын 19-24-ний өдөр ажлын айлчлал хийсэн.

Тус хот нь тохижилт, ногоон байгууламжаараа Зүүн хойд Азийн хотуудын дунд дээгүүр байр эзэлдэг. Нийслэлийн Засаг дарга айлчлалынхаа үеэр тус хотын ногоон байгууламж, ундны усны сав газартай танилцаж, ногоон байгууламжийн мэргэжилтэн бэлтгэх, гадаргын усыг цэвэршүүлж ашиглахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 


Тус хотын мод үрсэлгээний газрыг 1900 онд БНАСАУ-ын удирдагчийн үүрэг чиглэлийн дагуу байгуулсан байна.  Тус газарт 2 сая 500 мянган мод үрслүүлж, хот болон хот орчимд тарьж ургуулахаар ажиллаж байгаа гэдгээ хотын даргад танилцууллаа.  Мод үрсэлгээний газарт 5-7 зүйлийн модыг үрслүүлж тарьж байгаагаас гадна усалгааны системийг сэргээгдэх эрчим хүч ашиглан иж бүрнээр хийсэн байна.  

Нэг жилд 70 см өсдөг модыг энэхүү үрсэлгээний газарт ургуулж байгаа бөгөөд  тухайн газрын мэргэжилтнүүд хөрсний шороог боловсруусан шинэ төрлийн бордоо гаргаж авах, модоо зөвхөн үрслүүлэхээс гадна  шилжүүлэн суулгаж, нутагшуулах гээд бүхий л ажлыг нарийн зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг байна.
Харин Пхенъян хотын Ундны усны сав газар нь хоногт 150 мянган метр куб усыг хэрэглэгчдэд нийлүүлэх хүчин чадалтай.  

Тус газар нь голын усыг  татан авч цэвэршүүлэх технологийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд тус хотын иргэдийн ундны усны 70 хувийг хангадаг юм байна. Нийслэлийн Засаг дарга энэхүү газрын үйл ажиллагаатай танилцаж байх үеэрээ гадаргын усыг цэвэршүүлэн ашиглах технологийг Улаанбаатарт нэвтрүүлэх,  мөн нэг жилд 70 см –ээр өсдөг модыг Улаанбаатар хотод нутагшуулах, ногоон байгууламж, тохижлтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.