sonin.mn

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс,  Дэд бүтэц тохижилтын хэлтсээс Батлан Хамгаалах Их Сургууль болон СӨХ-ны дэд зөвлөлтэй хамтран хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан  таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор Иргэдэд зориулсан эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.  

Энэхүү сургалтыг СӨХ-ны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн зохицуулалт, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хамгаалах нь, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах нь гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

Мөн энэ үеэр иргэдэд тулгамдаж байгаа асуудлын талаар Захиргаа, хуулийн хэлтсийн эрх зүйн мэргэжилтэн хууль эрх зүйн зөвлөгөөг өгсөн юм.

Түүнчлэн сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сууц өмчлөлийн холбоодын хяналтын зөвлөл, удирдах зөвлөл, холбооны захирлууд, иргэд идэвхи санаачилгатай оролцож, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгт дэмжлэг үзүүлсэн цаг үеэ олсон сургалт болж өндөрлөлөө.