sonin.mn
 
 
Өнөөдөр Франц Улсын Элчин сайдын яамнаас “СОР-21” уулзалтын хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлыг “Уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй Монгол Улс” сэдвээр зохион байгууллаа.  
 
 
Хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, Монгол Улс дахь Францын Элчин сайд хатагтай Элизабэт Барсак, UNICEF-ийн суурийн төлөөлөгч ноён Роберто Бэнэс, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны зохицуулагч ноён З.Батжаргал зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
 
Хурал доорх сэдвийн хүрээнд явагдсан юм.
 
Монголын хөдөө аж ахуйд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн
Улаанбаатарт үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө, дасан зохицолт, хот төлөвлөлт
Эрсдлийн эсрэг баримталж буй Монгол Улсын бодлого, жишээ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг энэхүү хурлыг нээж хэлсэн үгэндээ: Бүх нийтийг түгшээсэн террорист халдлагын эсрэг нүүр тулан тэмцэж байгаа хэдий ч дэлхийн оршин тогтнолд мөн адил эрсдэл учруулаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам хийх, түүхэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа та бүхэнд талархал илэрхийлж байна.
 
Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурлыг угтан улс орон бүр хэрэгцээ шаардлагаа харгалзан бас бодит боломжиндоо тулгуурлан тодорхой зорилт дэвшүүлж, зорилтоо биелүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хувь нэмрээ оруулахаар чармайн ажиллаж байна.
 
Бусад улс орнуудын жишгээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж, Ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Монгол Улсын оруулах хувь нэмрийг тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.
 
Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн хувьд ихээхэн хүчин чармайлт шаардагдахаар байна. Тиймээс өөрийн орны нөөц бололцоог ухаалаг ашиглах, хөгжингүй улс орнуудын дэвшилтэт технологийг өртөг багатай нэвтрүүлэх, техникийн тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн механизм, Уур амьсгалын ногоон сан, бусад тусгай сангийн нөөц бололцоо, нэмэлт санхүүжилтийг ашиглах замаар зорилтоо биелүүлэхийг зорьж байна.
 
Монгол орон нь газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган ,зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна. Монгол орны хэмжээнд сүүлийн 70 жилийн цаг уурын ажиглалтаар агаарын дундаж даруй 3 дахин эрчимтэй дулаарч байна. Мөн сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн тоо 1.5 дахин нэмэгдэж, газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн байна.
 
Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгаа шинжилгээний ажлыг улам өргөтгөж байнга нарийвчлан шинэчилж байх, судалгааны ажлын үр дүн, зөвлөмж, улс орны хэмжээнд авч байгаа хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах эрсдэл, тулгарч байгаа сорилт, саад бэрхшээлийг даван туулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
 
Үүнтэй холбоотойгоор Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-ийн 6 дугаар мөчлөгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Бага Нүүрстөрөгч бүхий Тогтвортой хотыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Иймд Уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж байгаа Монгол Улс сэдэвт хэлэлцүүлгээс гарах санал бидэнд үнэтэй байх болно хэмээсэн юм.
 
 
Улаанбаатар чуулга. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр. 13 цаг 30 минут