sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцээд дэмжлээ.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн. Энэ үндсэн дээр талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтоод байгаа юм. 

Тус байнгын хорооны энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаар энэхүү зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор тогтсоны дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт энэ сарын 10-нд гарын үсэг зурсан байна.

УИХ-ын гишүүн Л.Цог зээлийн зориулалтын талаар тодруулахад Эрчим хүчний сайд Д.Зоригт, "Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталсан.

Энэхүү зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, түүнчлэн Мах боловсруулах 12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ" гэсэн хариулт өгөв. Харин Д.Дэмбэрэл гишүүн зээлийн нөхцөл болон эргэн төлөлтийн талаар тодруулахад салбарын сайд, "Зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 

Эгийн голын усан цахилгаан станц нь өөрийн үйл ажиллагааны зардлаас уг зээлийг төлөх бөгөөд 11 жилд өртгөө нөхөх тооцоо судалгаа гарсан" гэлээ.  Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн тул асуудлыг чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.