sonin.mn

Их цас шуурганы улмаас 14 аймгийн 88 суманд 142 даваа, тал хөндий газрын 30 цэгт хүндрэл үүсдэг тул Онцгой байдлын байгууллагаас тус цэгт дуудлагаар ажиллах бэлтгэл ажлыг хангажээ.

Одоогийн байдлаар Завхан аймгийн Алдархаан сумын “Загастайн” давааны зам засвартай байгаа тул Яруу сумын Дагтын даваагаар тээврийн хэрэгсэл зорчиж байна. Сүүлийн өдрүүдэд их цасны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсч байгаа аж. Тус аймагт зам засвар, арчлалтын шуурхай ажлын 5 хэсэг үүрэг гүйцэтгэхээр гарсан боловч санхүүжилт байхгүйн улмаас орон нутгийн шатахуун түгээх станцад өр үүсгэсэн, шатах тослох материалаа худалдан авч чадахгүй байгаа гэнэ. Мөн ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй байдал руу оржээ.

Цаашид цас ихтэй байгаа зарим аймгийн нутгаар автозам, даваа цасанд боогдох, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ саатах, малын хэвтэр бууц хөлдөх, орон сууц, албан байгууллага, сургууль цэцэрлэгийн дулаан хангамж доголдох зэрэг хүндрэл гарч болзошгүй байна гэж тус газраас мэдээллээ.

Б.Туул

 

Эх сурвалж: Монцамэагентлаг