sonin.mn

МОСКВА. /Sputnik/. Нүдэнд харагдах эсвэл дуут анхааруулга Турк өгөөгүй гэж Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцны нисгэгч хэлжээ.

"Ил харагдахуйц болон дуут анхааруулга байгаагүй. Ямар ч холбоо тогтоогоогүй. Тиймээс бид байлдааны даалгавраа үргэлжлүүлж байсан. “F-16” сөнөөгч онгоцтой харьцуулбал бөмбөгдөгч онгоцны хурд ямар гэдгийг ойлгох хэрэгтэй.  

Хэрэв тэд бидэнд анхааруулах гэсэн бол зэрэгцээ чиглэлд нисэж өөрсдийгөө харуулж болох байсан. Гэвч юу ч байгаагүй. Пуужин манай онгоцны сүүлэнд туссан. Бид харж амжаагүй учраас зайлсхийж чадаагүй” гэж амьд үлдсэн нисгэгч хэлжээ.

Туркийн агаарын орон зайд нэвтрээгүй гэж ахмад Константин Муратин хэлэв. “Бөмбөгдөгч онгоцны баг ажиллагаа явуулж буй газар нутгаа "гарын таван хуруу" шигээ мэднэ. Даалгавраа гүйцэтгээд, урьдчилан тогтоосон чиглэлээр бааз руугаа буцаж явсан. Би жолоодогч учраас тэр бүсийн бүх өндрийн хэмжээг мэднэ. Нүдээ боогоод ч тухайн бүсэд онгоцоо жолоодож чадна” гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн тэрбээр Сири дэх Оросын агаарын цэргийн хүчинд үлдэх хүсэлтэй байна.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг