sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

ХАА-н салбар нь ДНБ-ий 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг манай улсын чухал ач холбогдолтой салбар юм. Гэвч олон улстай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар нь нэгжийн гарц, боловсруулалтын түвшин доогуур эдийн засгийн үр ашиг багатай байсаар байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын худалдааны цар хүрээ, аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотой хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо эрс өсч хөрш орнуудаас хил даван тархах халдварт өвчний эрсдэл өндөр байна. Үүнээс гадна монгол мал жилийн дөрвөн улиралд бэлчээрээр малладаг онцлогтой холбоотой байгалийн голомтот халдварт өвчний гаралт буурахгүй байгаа юм.

Газар тариалангийн салбарын хувьд га-с авах ургац бусад цаг уурын ойролцоо улстай харьцуулахад 1.5-2 дахин бага, нийт тоног төхөөрөмжийн 40 хувь нь 20-иос дээш жилийн насжилттай байна. Мөн хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хоцрогдолтой байгаа зэрэг нь тус салбарын бодлогыг эрчимжүүлэх шаардлага байгааг харуулж байна.

Түүнчлэн 2003 онд баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь хоёр үе шаттайгаар буюу 2003-2008, 2009-2015 гэсэн үе шаттайгаар хэрэгжин дуусч байна.

Үүнтэй холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх бодлогыг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Энэ хөтөлбөр бол чухал. Өмнө нь "Монгол мал" хөтөлбөрийг баталж, малын халдварт өвчин гарахгүй болох зорилт дэвшүүлж байсан. 2012 оноос энэ хөтөлбөрт мөнгө тавихаа байсан. Тус хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлсэн бол малын эрүүл ахуйд ахиц гарч, малаа экспортлох боломж бүрдэх байсан" гэсэн асуудал тавьж байлаа. Ингээд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад гишүүд дэмжив.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг