sonin.mn

ТУНИС. /Anadolu, Турк/. Тунисийн Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүн сууж явсан автобусанд бөмбөг дэлбэлсэн халдлагын хариуцлагыг хүлээж буйгаа “Лалын улс” босогчдын бүлэглэл нийгмийн сүлжээнд мэдэгджээ.

Тэсрэх бөмбөгийг Тунисийн харьяат Абу Абдулла аль-Тунси дэлбэлсэн гэж “Twitter” нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан тус бүлэглэл мэдэгдсэн байна.

Халдлагын үеэр 13 хүн амиа алдаж, 20 хүн шархадсаны 4-ийн биеийн байдал хүнд байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Саид аль-Айди мэдээлжээ. Нийслэл хотын цагдаа нар цугладаг хэсэгт, Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүн сууж явсан автобусанд халдагч өөрийгөө дэлбэлсэн учир хохирогчид бүгд офицерууд байна.

Уг халдлагаас үүдэн Тунист 30 хоногийн онц байдал зарлаж, нийслэл хот болон 3 өөр мужид хөл хорио тогтоожээ.

Х.Аминаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг