sonin.mn

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, Р.Бурмаа нар мэдээлэл хийв. 

 

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд засан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгажээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.


Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах зорилтыг тусгажээ.


Тус бодлогыг 2016-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзжээ. 


Хүнс хөдөө аж ахуйн салбарын хувьд, 2014 оны байдлаар Монгол Улс 51.9 сая толгой малтай, эрчимжсэн аж ахуй сэргэн, хөгжих эхлэл тавигдаж мах, сүүний чиглэлийн 50 орчим мянган толгой үхэртэй болсон. Жилд 518 мянган тонн үр тариа, 270 гаруй мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тонн ноолуур, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангасан үр дүн үзүүлсэн юм. 

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг