sonin.mn

СӨҮЛ. /TASS/. Умард болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид өндөр түвшинд хийх хэлэлцээнд бэлтгэх зорилгоор хийх ажлын уулзалтаа хоёр орны хил орчмын Панмүнжом тосгонд өнөөдөр эхлүүлжээ.

 

“Талууд удахгүй өндөр түвшинд хийх уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд болон хэлэлцээг хэдийд, хаана хийхийг хэлэлцэнэ” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ. Түүний хэлснээр, Кымгансан уулын амралт сувиллын газарт Өмнөд Солонгосын жуулчдын аяллыг сэргээхийг Умардын талаас санал болгож магадгүй. Умард Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын төөрсөн жуулчин руу гал нээсэнтэй холбоотойгоор 2008 онд энэ аяллыг зогсоосон байна.

Умардын талаас Өмнөд Солонгосын нутагт дэвсгэр рүү гал нээсний дараа энэ оны наймдугаар сард Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Байдлыг намжаах зорилгоор хоёр үе шаттай хэлэлцээ хийсний дүнд Солонгосын дайны дараа хуваагдсан гэр бүлүүдийг уулзах ажлыг болон Засгийн газрын бус түвшинд холбоо харилцааг сэргээхээр тохиролцож, түүнчлэн өндөр түвшинд яриа хэлцээ эхлүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг