sonin.mn

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан  “Шинжлэх ухаан, инноваци үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн худалдааг БСШУЯ, ШУА, Шинжлэх ухаан, технологийн сангаас шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн хоорондыг уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ үеэр эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд сурталчлав. Энэхүү үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, улсын их, дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл 50 гаруй байгууллага оролцож байна.

Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, бордоо, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт металл, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэлийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, технологи, загваруудыг тавьжээ.

Уг үзэсгэлэн худалдааны үеэр иргэд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр буюу зах зээлийн ханшаас 30 хувиар хямд худалдан авах боломжтой.

Үзэсгэлэн худалдаа маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Гэрэл зургийг

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг