sonin.mn

Сүхбаатар дүүргийн хятад хэлний сургалттай “Үй-Цай” сургуулиас зохион байгуулдаг “Эзэн заяа” уран уншлага, яруу найргийн наадмын шилдгүүд өнөөдөр тодорлоо.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагчийн нэрэмжит энэхүү тэмцээнийг тус сургуулийн Монгол хэл уран зохиолын танхимаас 4 дэх жилдээ зохион байгуулав.

Энэхүү наадам нь сурагчдын яруу найраг шимтэн сонирхох, уран унших, шүлэг зохиох, авьяас чадварыг урамшуулан дэмжих, эх орон, ёс заншил, түүх соёл, оюуны үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх, түүгээрээ бахархах үндэсний ухамсрын төлөвшлийг дэмжих, яруу найрагчийн уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Энэ удаагийн тэмцээнийг бага, дунд, ахлах гэсэн насны ангиллаар явуулсан юм. Тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 30 гаруй сурагч өрсөлдөв.

Тэмцээн Д.Пүрэвдоржийн шүлэг яруу найргаас сонгон уран яруу унших, бусад яруу найрагчдын эх орны сэдэвт шүлэг, яруу найргаас сонгон унших, өгсөн сэдвийн дагуу шүлэг зохиох зэргээр шилдгүүдийг шалгаруулсан юм.

Тус тэмцээн нь жилээс жилд өргөжин хүрээгээ тэлж, оролцогчдын идэвх оролцоо, ур чадвар улам сайжирч байгааг шүүгчид хэлж байна. Боловсролын магистр, ахмад багш, шүүгч С.Мөнхдэлгэр хэлэхдээ, “Энэ тэмцээнд сурагчид үндэсний хувцсаараа гоён, урам зоригтой оролцдог. Үүнээс гадна Монголын яруу найраг баялаг учир хүүхдүүд шүлэг сонгон уншихдаа анхаарах хэрэгтэй. Цөөн тооны яруу найрагчийн бүтээл дунд эргэлдэж, сэдвийн хувьд бага байгаа нь харагдлаа. Мөн уншиж байгаа арга техникийн хувьд цохилттой, тод, чанга дуугаар унших ёстой гэсэн ойлголттой байна. Хүүхдүүд зохиолоо өөрийн болгож, дүрээ гарган, зүрх сэтгэлээсээ ойлгон, мэдэрч, бусдад хүргэхэд бэлдэх хэрэгтэй” хэмээв.

Тус тэмцээний ахлах насны ангилалд “Үй-Цай” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөрөн, дунд насны ангилалд “Үй- Цай “ сургуулийн долдугаар ангийн сурагч Б.Хулан, бага насны ангилалд “Үй-Цай” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Г.Бямбагэрэл нар тэргүүлж алтан медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.

Дашрамд дурдахад, энэ өдөр тус сургуулийн багш, ажилчид, сурагчид үндэсний хувцсаар гоён, загварын шоу үзүүлдэг уламжлалтай аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг