sonin.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагч Ч.Хүрэлбаатар гишүүний илтгэлд дурдсанаар “БНМАУ-ын Сангийн яамны сайд бөгөөд Монгол банкны дарга, Армийн Улс төрийн газрын дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах Зөвлөлийн даргаар 40 гаруй жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалын 100 жилийн ойг угтаж, түүний 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага-УИХ-ын шийдвэрээр “Ю.Цэдэнбалын гэр музей” болгох санал хүсэлтийг сүүлийн 20 гаруй жил тавьж уламжилсаар иржээ. Иймд Монгол төрийн түүх, түүхэн уламжлалыг ард түмэндээ үнэн мөнөөр нь дэлгэн тавих, залуучууд, оюутнууд, ирээдүй хойч үедээ өвлүүлэн хүргэх, түүхээрээ бахархах, түүгээрээ омогших, цаашид судлан өргөжүүлэх, туршлага уламжлалаасаа суралцах нь өнөөдөр үнэнхүү чухал хэрэгцээ шаардлага болон тавигдсаар байна.

УИХ-аас бүрэн эрхийнхээ хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгох талаар тодорхой шийдвэрийг гаргах нь олон түмний сэтгэл зүй, санал хүсэлтийг харгалзсан, хүнлэг энэрэнгүй, түүхэн үнэнийг эрхэмлэсэн, ардчиллыг улам төгөлдөржүүлсэн, хүний эрхийг хүндэтгэсэн ард түмний хүсэн хүлээсэн чухал шийдвэр болох нь дамжиггүй. Цаашид ХХ зууны Монголын шинэ үеийн төрийн үүсэл хөгжил, түүний үе шат, бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүн, хүрсэн өнөөгийн түвшинг үнэн мөнөөр нь гарган тавих, олон түмэнд зөв ойлголт өгөх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд алдаа онооны сургамж авах түүхэн шаардлага улам ихээр тавигдаж байна” гэлээ .

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан  О.Баасанхүү гишүүн түүхэн хүнийг мөнхжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Д.Лүндээжанцан гишүүн, "Түүхэн хүмүүсээ мартахгүй байх ёстой. Ю.Цэдэнбалын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг маш няхуур авч үзэж дурсгалыг нь хүндэтгэх хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, удирдах чиг үүргийг хэрэгжүүлж байсан түүхэн хүний хувьд энэ хүний ойг тэмдэглэх асуудал бол төрийн засгийн асуудал гэж ойлгож байгаа. Харин дагалдаж орж ирж байгаа асуудалтай санал нийлэхгүй байна. Ялангуяа хэлмэгдүүлэлтийн асуудал. Энэ хүний төр, нийгмийг удирдаж байх цаг үед маш олон хүн хэлмэгдэж байсан. Тухайн үеийн төр, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдсэн байдаг. Өнөөдөр Лоохууз гуайгаас эхлээд зарим нь амьд сэрүүн байгаа. Энэ хүний явуулж байсан үйл ажиллагаанд хэлмэгдэж байсан хүмүүсийг юу гэж үзэх юм бэ. МАН тухайн үеийн МАХН-ын явуулж байсан үйл ажиллагааны сайныг нь хүртэх гэж байгаа бол саарыг нь мөн давхар хүртэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой.

90 жил болж байхад ард түмнээс уучлалт гуйгаагүй байгаа. Өөрсдөө хэлмэгдүүлж, өөрсдөө шагнал урамшууллыг нь хурааж авч, өөрсдөө намынхаа эгнээнээс хөөчихөөд эргээд өнөөдөр УИХ-аар тогтоол гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Харин түүхэн хүнийх нь хувьд монголын түүхэнд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй санал нэг байгаа. Аливаа их хүн буюу түүхэн хүнийг монголын ард түмэн мэдэж байх ёстой. Ойг нь тэмдэглэж байх ёстой, сайн, мууг нь мэдэж байх ёстой. Түүнээс өнөөдөр тэр хүн сайн хүн байсан гээд хэрвээ цагаатгаад, зуун хувь магтан дуулах гэж байгаа бол үүний эсрэг байна. Яагаад гэвэл тэр хүнд сайн ч, саар ч үйл явдал байсан. Үүнийг түүхэнд бодит байдлаар нь үлдээх ёстой. УИХ-аас гаргах гэж байгаа тогтоол, шийдвэр ч гэсэн дараа дараагийн үедээ түүхэн шийдвэр, баримт болж үлдэнэ" гэдгийг хэлэв.

Мөн Ц.Даваасүрэн гишүүн, "Ю.Цэдэнбал дарга бол манай түүхэн удирдагчдын нэг. Цаг хугацаа энэ хүний хар цагааныг шүүж өгсөн. Ард түмний дийлэнх нь энэ хүнд хайртай гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс энэ хүний ойг тэмдэглэх, шагналыг нь буцаан олгох асуудлыг авч үзэх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд хамгийн хэцүү байдалтайгаар харь нутагт амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн. Иймд энэ асуудлыг шийдье" гэсэн саналтай байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, "Ю.Цэдэнбал дарга гэсэн хүний тухай ярихад түүхэн үеийг дурсахгүй байхын аргагүй. Мэдээж хар, цагаан хоёулаа байсан. Монголчууд үндэснийхээ сор болсон түүхэн хүмүүсээ хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Монголчуудаа өдий дайтай болгоход манай үе үеийн том удирдагчид түүхэн үүрэг гүйцэтгэснийг мартаж болохгүй" гэсэн бол З.Баянсэлэнгэ, "Энэ бол ганцхан МАН, МАХН-ын түүх биш. Энэ бол Монголын түүх. Бид түүхийг судалж, түүхээс сургамж авах, цаашид ийм түүх гаргахгүй байхад анхаарах ёстой. Бидэнд хэт их туйлшрал хэзээ ч сайн юм авчирдаггүй гэдэг нь эндээс харагдаж байна" гэв.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 80.4 хувийн саналаар дэмжлээ.