sonin.mn

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлттэй ажиллаж, бүтээгдэхүүний  өртөг зардлыг бууруулах зорилтын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехэд технологийн шинэчлэл хийлээ.

 

Дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар сольж, 1 тонн ган бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулах төслийг өнөөдөр ашиглалтанд хүлээн авлаа. Нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтанд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр тэргүүтэй уул уурхайн яамны төлөөлөгчид, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга И.Болд тэргүүтэй аж үйлдвэрийн яамны төлөөлөгчид, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцов.

“Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех нь жилд 40, 60, 80, 100 мм-ийн голчтой, 50 мянган тонн тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус цех импортын ган бөөрөнцөгийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Баяжуулах фабрикийн хэрэгцээт ган бөөрөнцгийн 90хувийг хангаж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн шинэ техник, технологи нэвтрүүлэх бодлогын хүрээнд Ган бөөрөнцөг цувих цехийн дизелийн түлшээр ажилладаг зуухыг нүүрс хийжүүлэх зуухаар солих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг өнгөрсөн онд боловсруулсан. Барилга угсралтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа. Бэлдэц халаах зуухыг өмнө нь хоногт 18-20 сая төгрөгийн өртөг бүхий 10 тонн дизель түлшээр халаадаг байсан бол нүүрс хийжүүлэх хоёр шатлалт шинэ зуухыг ашиглалтанд оруулснаар өндөр үнэтэй, импортоор авдаг нефтийн бүтээгдэхүүнийг халж, эх орны үндсэн баялаг болсон нүүрс ашиглана.

“Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөг цувих цех Монголд анх удаа хаягдалгүй технологи нэвтрүүллээ. Тус цехэд технологийн шинэчлэл хийснээр шинээр 16 ажлын байр бий болж, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл сайжирч байна. Нэг тонн бөөрөнцөгийн өөрийн өртгийг 33 хувиар бууруулж байгаа нүүрс хийжүүлэх зуухыг ашиглалтад оруулахад 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ зардлаа 1 жилийн хугацаанд нөхнө.